Ашиг сонирхлын зөрчилтэй ч ажилдаа томилогджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Ашиг сонирхлын зөрчилтэй ч ажилдаа томилогджээ

Авлигатай тэмцэх газраас 2015 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянажээ. Тэдгээр хүмүүсээс тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоожээ. Энэ дагуу илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нэр дэвшигчдээс 24-ийг нь тухайн албан тушаалд томилоогүй байна.

Харин таван  нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчлийг үл харгалзан ажилд нь томилжээ. Тодруулбал, Ц.Батыг МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр, О.Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар, Ш.Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар, Д.Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар, Л.Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд тус тус томилсон байна. 

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчиж томилогдсон нийт 110 албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан хэмээн АТГ-аас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж