Сюрреалист зураач Сальвадор Дали анх даашинз дээр хавч зурснаараа нийгэмд өөрийн онцгой эсэргүү байр суурийг харуулахыг зорьж, тэр нь ч бүтсэн аж. Түүний 1937 онд загвар зохион бүтээгч Эльза Шиапареллитай хамтран ажилласан нь олны таашаалд их нийцсэн юм. Тэдний хамтдаа бүтээсэн А хэлбэрийн даашинз, түүнийг нь хожим загвар өмсөгч Уоллис Симпсон өмсч VOGUE сэтгүүийн нүүрэн дээр гарсан нь хэсэгтээ домог мэт яригдаж байлаа. Гэхдээ энэ бүхэнд Дали ханасангүй. Түүний хувьд даашинз майонезны толбо ч юм уу, ямар нэг зүйлээр дутаж байсан гэдэг.
Өнөө цагт бол даашинз дээр чухам юу дүрслэсэн байх нь огт сонин биш болсон байна. Тэгээд ч загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээл дээр ямар зураг байлгахыг зоргоороо шийдэж, хүмүүс ч түүнийг нь хаа газраас олоод авчих боломжтой болжээ. Жишээлбэл, Хенрик Вибсковын 2020 оны хавар, зуны загварууд дээр нэлээд хэдэн удаа ягаан, улаан өнгийн хавч хэлбэр дүрслэгджээ. Мөн Louis Vuitton-ы 2020 оны намар, өвлийн загварууд дээр том, хөвсгөр хавч энгэрээс зүүгдсэн нь ч харагдаж байлаа.
Өдгөө бидний ийнхүү чөлөөтэй сэтгэж чадаж байгаа нь нэг талаасаа 20-р зууны авангард урлагийн Сюрреализм урсгалын ач билээ. Сюрреалист уран бүтээлчид автоматизм зэрэг урьд өмнө нь байгаагүй техник ашиглан шидийн гэмээр орчин үүсгэж, түүн дээрээ зүүдэнд л гардаг баймаар хачирхалтай үйл явдлыг өгүүлдэг байжээ. Түүнчлэн энэхүү урсгал, урлаг хүмүүний оюун санааг чөлөөлж, төсөөллийг сул тавьдгаараа нэн алдар суутай. Энэ талаар Зигмуд Фройдын нууц хүсэл, мэдрэмжийн тухай онол төдийгүй бусад сэтгэл судлал философийн Карл Маркс зэрэг агуу сэтгэгчдийн онол ихэнхдээ таарах тохиолдол бий.
Сюрреализм гэдэг үг анх 1917 онд ашиглагдаж байсан ч 1920 онд л жинхэнэ утгаараа урлагийн нэгэн урсгалын овог нэр болсон байна. Түүнээс хойш шинэхэн урлаг улам илүү хөгжсөөр 1930-аад он гэхэд сюрреализмыг илэрхийлэх тусдаа бие даасан түлхүүр дизайн, онцлог, бэлгэ тэмдэг гэх мэттэй болсон байлаа. Түүгээр зогсохгүй хувцас загварын ертөнцөд ч багагүй нөлөөлж эхэлсэн байв.
Шиапарелли тухайн үедээ зөвхөн Далигаар зогсохгүй өөр олон сюрреалистуудтай хамтардаг байж. Тэдний нэг нь Далигийн журмын нөхөр Мерет Оппенхейм байлаа. Тэрбээр өөрийн цэвэр сонирхол, хүслийн дагуу үслэг материал, судас зэргээр чимэглэсэн бээлий зэргийг урладаг “солиотой” нэгэн байв. Мөн баллет бүжигчдэд зориулсан тод, цоглог өнгийн хувцас урладаг Жоан Миро, хавчны сүүл, загасны тор зэрэг хачирхалтай элемент ашиглан хөгжилтэй загвар гаргадаг Эйлин Агар нар түүнтэй хамтардаг байлаа. Урлаг, загварын холбоо маш олон хэлбэрээр илэрч байсан бөгөөд Мэн Рэй, Ли Миллер нарын гэрэл зурагчид хувцас загварын зураг дарахдаа сюрреалист үзлийг чадварлаг тусгадаг байсан бол зураач Леонор Фини тэргүүтэй олны танил хүмүүс хэтэрхий жир бусын хувцасаар гангардаг болж эхэлсэн байна.
Тэдгээр уран бүтээлч “солиотнуудын” элдэв янзын туршилтууд тэр үеэс эхлэн хувцас загварт маш хүчтэй нөлөөлөх болсон юм. Жишээлбэл, Эльза Шиапарелли 1938 онд загвартаа араг яс, нуруу, зүрх гэх мэт бие доторх эд эрхтнүүдийг тусгасан нь хожим 1998 онд загвар зохион бүтээгч Александер МакКвинд урам зориг өгч, хавар зуны корсетны загвар дахин мэндэлсэн билээ. Зөвхөн түүгээр зогсохгүй Хуссейн Чалаяны 2000 оны намар өвлийн загварууд, Виктор ба Рольфын 2010 оны хавар зуны бөмбөлөг хэлбэртэй даашинз зэрэгт сюрриеалист уран бүтээлчдийн санаа дахин амилж, хүмүүсийн сэтгэлийг баясгасан юм.
Сүүлийн үед ч гэсэн дизайнерууд сюрреализмыг дэлгэрүүлж, өнгөрсөн жил л гэхэд Симон Роча намар, өвлийн загвартаа Луиза Буржуагийн эмэгтэй хүний биеийн эрээ цээргүй хандлагыг сэргээн тусгасан бөгөөд үргэлжлүүлэн Хаусер галлерейтэй хамтран ажиллахаар болж, дахин Буржуагийн бүтээлээс сэдэвлэн ээмэгний цуглуулга гаргасан билээ.
Мөн түүний нөхөд болох Эудон Чой, Ролан Моурет нар ч гэсэн сюрреалист шинж чанартай загваруудаараа 2019 оны одууд болсон юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ