Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомж, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах,  иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Захирагч, хурандаа Ж.Дамдинбазар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн цэргийн штаб, үе үеийн цэргийн алба хаагчид, иргэд оролцов.
        
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Аливаа тусгаар тогтносон улсын билэг тэмдэг болсон Зэвсэгт хүчний 95 жилийн ой, 810 жилийн түүхтэй Монгол цэргийн өдрийг бид бүхэн хамтдаа тэмдэглэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчинд зүтгэж байгаа үе үеийн албан хаагчид, уг салбарт амьдралаа холбосон бүх хүнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлээс цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уг уралдаанаар дамжуулан иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлж, иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгож байгаа юм” гэлээ.  

Энэ үеэр “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны баримтат киног танилцуулж, 18 нас хүрч, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамж гардуулав. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх Батлах хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж шагналаа.

Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж, энэхүү баярын хүрээнд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж