Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

Төмөр замын салбарт авлигач хүн ажиллах ёстой юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2020.12.08) Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эл салбарт авлига авсан хүн ажиллах ёстой юу гэдэг асуудал хөндөгдлөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн ажиллах эрхгүй. Гэтэл танай төмөр замын салбарт Ж.Пунцаг гээд хятадуудаас авлига аваад эрүүгийн ял авсан хүн дарга хийгээд явж байгаа. Төмөр замаар Covid-19-ийн халдвар алдлаа гэж УИХ-ын гишүүн ярихаар Цогоо, Пунцаг нарын хүн УИХ-руу 16 мянган салаавч өглөө гэж ярьж байна. Танай салбарт авлигач хүн ажиллах ёстой юу, та тэр хүмүүсийг өөгшүүлэх үү” гэлээ.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар “Улаанбаатар төмөр зам Монгол Улсын хууль тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төмөр замд Ёс зүйн хороо бий. Тэр хүний асуудлаар Ёс зүйн хороонд чиглэл өгсөн. Би тэр хүмүүсийг турхираагүй” гэх хариулт өгөв.

Жилийн өмнө Тагнуулын ерөнхий газраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудитын хяналтын газрын даргаар ажилладаг Ж.Пунцагийг саатуулж байсан.  Ямар шалтгаанаар саатуулсан нь тодорхойгүй байсан бөгөөд удалгүй сулласан удаатай. Мөн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан Авлигатай тэмцэх газраас шалгасан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

Гэвч асуудал нам дарагдаад байсан бөгөөд Covid-19 цар тахал дотоодод алдагдсаны дараа “Улаанбаатар төмөр замаас Дархан өртөөний ойд зориулан зохион байгуулсан спортын тэмцээнд ОХУ-аас орж ирсэн хүмүүс оролцсон гэх шуум дэгдэхэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ энэхүү мэдээллийг үгүйсгэсэн бол Б.Цогтгэрэл, Ж.Пунцаг нар мөн хүч хаян цахим хуудсаараа дамжуулан няцааж байв.

Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Миний ярьсныг буруу ойлгож, ташаа мэдээллийг олон нийтэд цацсан байна” гэж хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдсэн ч дараахан нь УИХ-аар 2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Сахилга хариуцлага алдагдаж байна. Төмөр замын тэмцээнд ОХУ-аас иргэдийг хэн оролцуулсан юм.  Хэнд ямар хариуцлага тооцох юм бэ” гэх асуулт тавьж, намжаад байсан асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн билээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж