Ковид-19 цар тахал дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад урьдчилан харж, таамаглашгүй олон сорилтуудыг бий болгож, үүнээс үүдэн хөгжлийн шийдлийн тухай уламжлалт болон анхдагч арга барилуудыг яаралтай шинэчлэх шаардлага гарч байгаа билээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс "Шинэ нормал үед Монгол улсын хөгжлийн дүр зураг ямар байх вэ?" шинэчлэлийн аяны Зөвлөх хорооны хоёрдугаар уулзалтыг дотоодын болон олон улсын төлөөлөгчидтэй хийж, Монгол Улс дахь цар тахлын үр нөлөөг шинэлэг логик, системийн хувьслын аргачлалаар дамжуулан хэрхэн яаж шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Уулзалтад НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарын хүмүүс оролцсон байна.
Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад цар тахлын үзүүлэх үр нөлөөний тухай НҮБХХ-өөс эрхлэн гаргасан шинэхэн судалгаанаас үзвэл дэлхий даяар нийт 207 сая хүн цар тахлаас үүдсэн ядууралд өртөх эрсдэлтэй байна. Нөгөө талаас Тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулах хөрөнгө оруулалтыг засаглал, нийгмийн хамгаалал, ногоон эдийн засаг болон дижиталчлал чиглэлд илүү нэмэгдүүлж чадвал 2030 он гэхэд 146 сая иргэнийг нэн ядуурлаас хамгаалж чадах тооцоо гарчээ.
Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад цар тахлын учруулж буй нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөөнөөс үүдэн НҮБХХ 2020 оны эхэн үеэс шийдэл боловсруулагчаас шийдлийг хамтран хэрэгжүүлэгч болохоор системийн аргачлалыг ийнхүү хөгжүүлэн ажиллаж байгаа юм.
“Цар тахлын дараах ирээдүй одоог хүртэл тодорхой бус байна. Гэхдээ бидний зүгээс Монгол Улсын хувьд санал болгох гарц болон шийдлүүд нь ард иргэдийн нэр төртэй амьдрал, дахин тэнцвэржүүлсэн эдийн засаг, Монголчуудын байгаль орчны сорилтод тэсвэртэй байх чадварыг тэтгэх тал руу нь чиглэн ажиллана. Иргэн бүр үр өгөөжийг нь хүртсэнээр Монгол Улс илүү сайхан ирээдүйн хөгжлийн замналдаа орж чадна. Монгол улсын хөгжлийн төлөөх хувьслын аянд ороход дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Зөвлөх хороонд гишүүд, итгэлт түншүүд та бүгдийн оролцоогүйгээр энэхүү зорилгуудад хүрэх боломжгүй. Өнөөдөр энд шинээр илэрч буй сонголтуудыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж буй оюуны манлайлагч та бүхэнд талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич хэлсэн үгэндээ онцоллоо.
Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ