Зээлээр цэвэрлэх байгууламж барина

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Зээлээр цэвэрлэх байгууламж барина

Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгууд нийт 19.5 сая ам долларыг зээлээр авч, аймгийн төвүүдийнхээ цэвэрлэх байгууламжийг шинэчилж барихаар болжээ. Одоогоор талууд хооронд хийгдэх хэлэлцээр үргэлжилж байна. Иймээс зээлийн хугацаа, хүү ямар нөхцөлтэй байх нь тодорхойгүй байгаа юм. Зээлийн гэрээг Засгийн газар эцэслэн шийднэ. Хэлэлцээрийн хүрээнд 2018 он гэхэд дээрх дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна гэсэн тохиролцоог талууд хийсэн байна. Өвөрхангай аймгийн одоогийн цэвэрлэх байгууламж  хоногт 600-1000 куб метр цэвэр бохир, усыг дамжуулж, зайлуулах чадалтай. Харин шинэчлэгдсэнээр хоногт 3000-6000 хүртэлх куб метр бохирыг цэвэрлэх, шүүх боломжтой болно. Сүүлийн дөрвөн жилд Өвөрхангайн Арвайхээр суманд найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, шинээр 1236 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин Архангай аймгийн тухайд 510 куб метр цэвэр, бохир ус шингээ, цэвэрлэх байгууламжтай ч жил ирэх бүр тус аймгийн төв Цэцэрлэг суманд шилжин ирж, суурьших иргэд олширчээ. Энэ нь эргээд олон жил ашиглагдаж, муудсан цэвэрлэх байгууламж нь Цэцэрлэг сумынхаа хоногийн хэрэгцээний бохироо цэвэрлэн, шингээж чадахгүйд хүрч, эвдэрч эхэлсэн байх юм. Тус аймагт өнгөрсөн жил Засгийн газрын хөрөнгөөр 120 айлын, хувийн хэвшлийнхэн нийлж барьсан 744 айлын орон сууцууд ашиглалтад орсон билээ.

Хэрэв Азийн хөгжлийн банкны дээрх аймгуудад цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг нь шийдээд өгчихвөл Архангай аймаг 2000 куб метр цэвэр, бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй, бохирын асуудлаа шийдээд явах шинэ цэвэрлэх байгууламжтай  болно. Өмнөговь, Дорноговь аймгууд ч 2018 он гэхэд хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж босгох боломж бүрдэх юм. Зөвхөн Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь гэлтгүй цаашид бүтээн байгуулалт өрнөж буй бүх аймгуудын цэвэр, бохир, инженерийн шугам сүлжээг шийдэх шаардлага тулгарч байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж