УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2020.12.08/-ийн хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхийн тухай багц хуулийн төслийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах санал гаргалаа. Учир нь хуулийн ажлын хэсэг хуралдаж, МАН-ын бүлэгт хуулийн танилцуулгыг хийсэн. Шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн улс төрийн нөлөөллийг үгүй болгох чиглэлд тууштай реформ хийх ёстой гэсэн бодлогын шийдэл гарсны дагуу ажлын хэсэг дахин бэлтгэх ажил хийх учир хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Хуралдааны эхэнд Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг гарч, олон хуулийн төслийн талаарх цаг хугацааны асуудлыг сайн яримаар байгаа юм. Бид хуульд их өөрчлөлт оруулж байгаа нь тийм сайн зүйл биш. Энэ нь хууль эрх зүйн тогтвортой байдал байхгүй болох вий. УИХ хуульд өөрчлөлт оруулах ёстой ч тогтвортой орчныг хангах ёстой учраас Хууль зүйн яам анхаарах хэрэгтэй. УИХ-тай сайн ойлголцоогүй, концевцыг нь яриагүй, маргаантай байх зэрэг асуудал байна. Тиймээс өргөн барихаас өмнө байнгын хорооны хуралд албан бусаар тайлбарлаж, чигээ гаргаж явдаг баймаар байна.
УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:
-Шинээр хууль тогтоомж батлахын зэрэгцээ, одоо мөрдөгдөж байгаа хуулиудын зүйл заалтын хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй болов уу. Шинэ хууль батлахаас илүү одоо байгаа хуулийн төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах хэрэгтэй гэж боддог. Монгол Улсын хэмжээнд стандартын тухай асуудал маш их хөндөгддөг. Энэ асуудлыг ярихгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй учраас энэ тал дээр ямар хуулийн шинэчлэл орж байгаа вэ. Хотын стандартын тухай хуулийн төсөл тусгагдсан уу. Мөн худалдаа арилжааны тухай хууль, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн хуулийн асуудал хэзээ орох вэ. Хуулийн төсөл ер нь боловсруулагдаж, судалгаа хийгдэж байгаа юу.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Иргэний хууль 2002 онд батлагдсанаас хойш шинэлчэл хийгдээгүй. Энэ хуулиар иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус харилцааг бүхэлд нь зохицуулдаг. Маргааш шийдэхдээ ч ижил хуулиар зохицуулагдаж байгаа юм. Хууль зүйн яам иргэний эрх зүй, бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулах гурван хуулийг боловсруулаад судалгаа, ажил хийгдэж байгаа. Арилжааны хууль ирэх хавар чуулганаар хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урт хугацааны хөгжлийн бодлогод нийцэх ёстой гэж тусгагдсан. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталж, хөтөлбөрүүд баталсан. Энэ батлагдсан бодлогын бичиг баримтуудад тусгагдсан зорилтууд маань энэ хуульд орж ирээгүй байна. Тухайлбал, 2021-2025 онд үндэсний нэгдмэл бахарлыг сэргээж, эх орон хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлнэ гэсэн 18 зорилт бий. Гэтэл Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр хууль баталж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заажээ. Гэтэл нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа ч хуульд тусгагдаагүй байна.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Яамдуудад хуульд саналаа ирүүлэхийг хүссэн. Тодорхой яамдаас ирсэн саналуудыг яам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, оруулж ирсэн. Хууль зүйн яам 2025 он хүртэл улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд ямар бодлого баримтлах чиглэлээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно гэсэн үндэслэл дээр тусгагдсан. Цаашид бид энэ асуудлыг анхааралдаа авна.
Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Одоо байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
"АТГ-ЫН ДАРГА ДЭД ДАРГАА ТОМИЛНО"
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хуулиар Авлигатай тэмцэх газрын дэд даргын тус газрын дарга нь томилох зохицуулалт хийж байгаа юм байна. Өмнө нь АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор 6 жилийн хугацаанд УИХ томилдог байсан юм. Үүнийг өөрчилж, АТГ-ын дэд даргыг УИХ-аас бус тус газрын дарга нь томилдог байхаар зохицуулалт хийжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Авлигатай тэмцэх хуульд Ерөнхийлөгч санал болгосноор АТГ-ын даргыг УИХ, дэд даргыг тус газрын дарга нь томилохоор өөрчилж байгаагийн онцлог юу вэ.
Ажлын хэсэг:
-Авлигын эсрэг 2007 оны хуульд өөрчлөлт оруулж байгаа, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор томилно, дэд даргыг нь АТГ-ын дарга томилдог болж өөрчилж байгаа юм. УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байхдаа Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсныг өөрчилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:
-Маш олон байгууллага дээр эрх мэдлийн сонин байдал байсныг өөрчлөх гэж байгаа юм байна гэж бодож байна. УИХ дээр дарга, дэд даргыг томилохын тулд тохироо хийдэг байдлыг нэг мөр болгох гэж байгаа нь буруу биш байж магад. Гэхдээ хуульд ТЕГ-ын дэд даргын үүрэг, АТГ-ын дэд даргын үүрэг гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь олон толгойтой болгодог байсан. Харин энэ удаад толгойг нь нэг болгож байгаа нь муугуй санаа байж магадгүй. Тагнуулын даргыг Засгийн газар томилдог, дэд даргыг Ерөнхий сайд томилдог ч тэргүүн дэд дарга гэж нэг албан тушаал гаргаад ирсэн. Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэсэн асуудал хуульд бичигдсэн зүйл байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Энэ хууль ямар учиртай вэ. Ардчилсан намын бүлэг энэ хуулийг цаг үеэ олоогүй төсөл гэж үзэж байна. АТГ бол авлигад идэгдээд энэ байгууллагыг байгуулсан. Өнөөдөр бид авлигын индексээр сүүлийн хэдэн жил дандаа ухарч байгаа. Энэ хууль хэлэлцэх үед АТГ-ын дарга нь яагаад байхгүй байна вэ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулна уу. АТГ-ын дарга нь эрхэлсэн , дэд дарга мөрдөн байцаалтаа хариуцдаг учраас УИХ томилдог. Энэ саналаараа байх нь зөв шүү. Ер нь АТГ-ын даргыг 6 жилээр томилдог, яг бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан дарга бий юу, мөн АТГ-ын дарга УИХ-д ажлаа тайлагнадаг, ер нь тайлагнаж байсан уу.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Өнгөрсөн жил Үндсэн хуульд өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ хуульд зааснаар олгож болно гэж заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа бол нэгдмэл зохион байгуулалттай явах хуулийн зохицуулалттай. Мөрдөн байцаалтаа дарга, гүйцэтгэх ажлыг дэд дарга нь хариуцна гэсэн буруу ойлголттой явж байна. Цаашид бид эрх мэдлийн тэнцвэр дээр тогтож ажиллая л гэж байгаа юм. УИХ дээр нэг зэрэг хоёр хүн томилогдох нь өнгөрсөн жилүүдэд бий болгосон байсныг өөрчилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.МӨНХБААТАР:
-АТГ-ын дарга нь дэд даргаа шууд томилдог зохицуулалт оруулж ирж байна. Цаашид УИХ-аас томилдог байгууллагуудын зөвхөн дарга нарыг нь томилдог, дэд даргуудыг нь томилохгүй байх нь зөв гэж үздэг. Тиймээс УИХ зөвхөн даргаа томилоод явах нь зөв болов уу.
УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-АТГ бол дэд дарга нь эзэнгүй байгаа. Хурдан эзэнтэй болгох ёстой. Хуучин хуулиар улстөрчдийн томилгоо хоёр талдаа гараад, ажил алба хоёр талцдаг, эрх үүргээ булаацалддаг байсныг нэг болгож, АТГ-ын дарга нь өөрөө үүрэг хариуцлагаа үүрээд явах нь зөв. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа түүнтэй адилтгах зэрэг тогтоохыг хасна гэжээ. Гэхдээ одоогийн эрхэлж байгаа ажлынх нь ажил үүрэг хэвээр хадгалагдана биздээ. Хуулиар эрх үүргийг нь хязгаарлаж байгаа юм биш биздээ. Мөн бүрэн эрх үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэжээ. Хууль батлагдсанаас хойш дэд дарга шинээр томилогдсон өдрөөс эхлэх үү.
Ажлын хэсэг:
-Ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудалд өөрчлөлт орохгүй. Дэд даргыг энэ хууль батлагдаж, төрийн албаны хуулиар хугацаагүй томилогдоно гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Хуучин гэмт хэрэгт холбогдвол, огцрох өргөдөл өгвөл гэх мэт асуудлыг орхигдуулсан байна. АТГ-ын даргын бүрэн эрх дээр дэд даргаа томилох, чөлөөлөх асуудлыг тусгаагүй байна. Үндсэн хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх бүрэн эрх Засгийн газарт байдаг. АТГ-ыг мөрдөн шалгах чиг үүрэг, соён гэгээрүүлэх чиглэлийг УИХ-ын харъяанд байхаар зохицуулах нь зөв.
УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:
-2005 онд Авлигын эсрэг конвенци гэж бий. Энэ хууль өөрөө конвенцийг зөрчинө. 2008 онд анх хууль нт батлагдсан түүхтэй. 12 жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажил руу явж байна гэж харж байна. Монгол Улсын авлигын индекс гэж бий. Өнөөдөр мэдээллийн ил тод байдал, тогтолцоо гээд олон зүйлийг харж үнэлдэг. Тиймээс манай индекс дахин унана. Энэ байдлыг тооцож үзсэн юм уу. Үнэхээр өөрчлөх гэж байгаа бол Засгийн газрын дэргэд мөрдөх алба хэрэггүй.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй юм. АТГ-ын дэд дарга тодорхой шалгууртай байсан ч одоо тийм шалгуур алга байна. Төрийн албан хаагчийн хэмжээнд авч очихоор тусгасан гэж байна.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үүгээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ