Их Британийн засгийн газар Covid-19-ийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалт өнөөдөр /2020.12.08/ албан ёсоор эхэлж, эхний ээлжний хүмүүс вакцинаа хийлгэж байна. Ингэснээр Их Британид Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн юм.
Хойд Ирландын иргэн, 90 настай Маргарет Кийнан гэх эмэгтэй Covid-19-ийн эсрэг 95 хувийн үр дүнтэй "Pfizer"-ийн вакциныг хийлгэсэн дэлхийн анхны хүн болж байна. Тэрбээр ирэх долоо хоногт 91 нас хүрэх бөгөөд төрсөн өдрийн хамгийн том бэлгээ төр засгаасаа авлаа хэмээн талархлаа илэрхийлжээ. Их Британид covid-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийх юм байна.
Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насныхан, ахмадын асрамжийн газрын ажилтнууд вакцинжуулалтад хамрагдахаар болсон байна. Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландад вакцинжуулах төвүүд байгуулагдаж, өнөөдрөөс зэрэг нээгдэхээр болжээ. Зөвхөн Англид 50 ийм төв байгуулагдсан гэнэ.
Тус улс нь "Pfizer/BioNTech" компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг энэ сарын 2-ны өдөр зөвшөөрсөн юм. Мөн уг вакцин нь Covid-19-ийн эсрэг вакцинуудаас олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн анхны вакцин болж байгаа юм.
Их Британи одоогоор 40 сая тунг захиалаад байгаа ба энэ нь 20 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээ юм. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцины туршилтад 43 мянган хүн оролцсоноос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг хийх шаардлагатай ба -70 хэмийн хүйтэнд зургаан сар хүртэл хадгалах боломжтой бол өрөөний температурт тав хүртэл хоног хадгалах боломжтой аж.
Тээвэрлэлт, хадгалалтын хувьд бусад вакцинуудаас илүү онцгой нөхцөл шаардаж байгаа учир зарим улс орнуудад хүргэхэд хүндрэлтэй. Энэ вакциныг Европын Холбоо хамгийн их буюу 300 сая тун, АНУ 100 сая тун, Япон 120 сая, Канад, Австрали, Чили улсууд дор хаяж 10 сая тун авахаар урьдчилан тохиролцжээ. Үнийн хувьд тун тус бүр нь 20 ам.доллараар зарагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ