Үнээнийхээ сүүтэйг ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Үнээнийхээ сүүтэйг ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ

Үнээнийхээ сүүтэйг ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү саяхан нүүр номдоо гоё үг ба үнэн үгийн тухай маш энгийнээр тайлбарлажээ.  Тэнэг хүн ч уншаад ойлгохоор, гэхдээ манайхан үнэн үг хэлсэн хүнд өштэй хойно, түүний постын дор хараасан, бухимдсан коммент олон харагдав.

Үнэндээ, Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг өгнө гэдэг гоё үг, Ерөнхий сайдын “Ард түмэнд тараах мөнгө байхгүй” гэсэн нь үнэн үг болохыг О.Баасанхүү тайлбарласан хэрэг л дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж батлуулах дээр шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.  Хоёр жилийн өмнө зүтгүүлээд бараагүй хуулийн төслөө УИХ дахин тулгаж байгаа Ерөнхийлөгчийн бай энэ удаад Тавантолгой биш Оюутолгой болж хувирсан түүний сүүлийн хоёр жилийн улс төрийн нүүдлээс нь уншигдаж байна.

Хуулийн зорилгыг Ерөнхийлөгч тайлбарлахдаа “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой” болохыг онцолсон байна.  Стратегийн ач холбогдол бүхий ордууд гэх нэрээр энэхүү хуулийн төсөлд суулгаж өгсөн ганцхан заалт нь  ердөө л  Оюутолгой руу чиглэсэн.

 Мэдээж, Ерөнхийлөгчийн “гоё үг” олонд таалагджээ. Нүүр номд Оюутолгойг орлогыг хүнсний дэлгүүрийн кассны мөнгө шиг ширхэглэн тоолохыг хүсч байгаа хүмүүс олон харагдав. Даанч гоё үг болгон үнэн үг байдаггүй болохоор Ерөнхийлөгчийн шахалт, дарамтаар  Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд батлах юм бол цар тахлын энэ хүнд хэцүү үед Монгол Улс идэх хоолгүй болох үнэн үгийг ойлгох, сонсох хүн цөөхөн   Угаасаа газрын дор алт, мөнгө гулууз, гулуузаараа, тонн, тонноороо хэвтэж байдаг. Түүнийг нь хүрзээр ухаад гаргаад ирнэ гэж итгэдэг ард түмэнд Оюутолгойг орлогыг хянана гэх Ерөнхийлөгчийн үг таалагдах нь дамжиггүй.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Ерөнхийлөгчөөс ямар ч хорлонтой санаачилга, сэдэл гарахыг таашгүй.  Тэр нь гэхдээ өөрийнх нь хүсэл сонирхол уу, хүний үг заавар уу гэдгийг мэдэхгүй.

Монголбанк нь мөнгөний бодлого хэрэгжүүлдэг, арилжааны банкуудад хяналт тавих үүрэгтэй. Гэтэл энэ чиг үүргээсээ татгалзаад Монголбанкаар хөрөнгө оруулагчдын орлого дамжих юм бол төв банк нь төрийн банк болж хувирна гэсэн үг.  

Өөрөөр хэлбэл, аль орны төв банк аж ахуйн нэгжтэй харилцдаггүй.  Засгийн газар болон арилжааны банкууд харилцдаг. Тэгэхээр ганцхан монголчуудаас л ийм онолгүй ойлголт, санал гарч ирэх биз.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 онд буюу хоёр жилийн өмнө Оюутолгойн орлогыг яагаад Монголбанкаар дамжуулж болохгүй тухайд “Мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Төв банк, арилжааны үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын үйл ажиллагааг манай улс Үндсэн хуулиараа хоёр салгасан. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Төв банк арилжааны шинжтэй гүйлгээнд оролцож эхэлж байна. Энэ бол 1991 онд Банкны тухай хууль гарснаас хойш ухарч байгаа хамгийн том ухралт. Хуульт ёсыг уландаа гишгэж байгаа алхам” гэж байв.

Оюутолгойн орлого болох гурван тэрбум ам.долларыг  дамжуулах хүчин чадалтай арилжааны банк Монголд одоогоор алга.  Дээр нь захын нэг татварын байцаагч ирээд арилжааны банкин дахь дансыг нь хаачихдаг  нь хэвийн үзэгдэл шүү дээ. Манай татварынхан аж ахуйн нэгжийн үнээ, гахай болгохдаа гаршсаныг хэлэх үү.  Дүүргийн татварын даргын хадгаламжаас хэдэн тэрбум төгрөг гарч ирдэг нь бас л байдаг үзэгдэл болчихсон.

Н.Алтанхуягийн засгийн үед Оюутолгойд ямар асуудал үүсч, эдийн засаг яаж хүндэрсэн билээ, загаснаас ч богино ой санамжтай болохоор ихэнх нь мартсан байх.  Дурын байцаагч татвар ногдуулаад арилжааны банкин дахь дансыг нь хааж, хяналт шалгалт нэрээр гадаад, дотоодын мөнгөн гүйлгээг нь хаачихсан.

Тэгэхээр Ерөнхийлөгч өөрөө бизнес эрхэлж байсны хувьд энэ бүх зовлонг сайн мэдэж байгаа. Гол нь Оросын Забайкалийн хязгаар нутагт орших Удоканы  зэсийн ордын бүтээн байгуулалт хэдийн эхэлсэн.  В.Путины санаачилсан  “Зайбайкаль” хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд зэсийн цэвэр нөөцөөрөө дэлхийд гуравт орох том орд аж. 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар оросууд төлөвлөсөн.

Монголын Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай, ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Улс төрийн саад бэрхшээл учруулахгүй л бол 2023 онд гүний уурхай ашиглалтад орж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн.  17 мянган ажилтантай бөгөөд тэдний 90 хувь нь монголчууд. 2.3 тэрбум ам.долларын татвар, роялтыг төсөл эхэлснээс хойш төлсөн. Оюутолгой бол Монголын нийгэмд маш том хувь нэмэр оруулж байгаа том төсөл.

Нөгөө талаасаа Оюутолгой Оросын Удоканы зэсийн ордын гол өрсөлдөгч.  Ерөнхийлөгчийн гоё үгийн цаадах бодит үнэн ердөө энэ.

Гэснээс Хятадад экспортолж буй нүүрсний зах зээлд Монгол ОХУ-д хэдийнэ ялагдсан.  Өнгөрсөн 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолж, Хятад, Япон, Өмнөд Солонгос улс руу гаргажээ. Харин Монгол Улс  36.4 сая тонн чулуун нүүрсийг гурван тэрбум ам.доллараар экспортолсон талаар Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. Харин өнгөрсөн сараас нүүрсний экспорт 70 хувиар унасан таагүй мэдээлэл бий. Тэгэхээр нүүрсний зэх зээлд Монгол хэдийнэ Оросод ялагдсан.

Оюутолгой руу байнга довтолдог, уул, уурхайн эсрэг үзэлтэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр нүүрсний экспортдоо хэр анхаарч байна вэ гэж асууж харагдсан.  Хэдий популист гэсэн амьдрал нь хэцүүдээд ашиг орлого нь буураад ирэхлээр үг нь үнэнд гүйцэгддэгийг ойлгосон ч биз.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж