Өчигдөр /2020.12.07/ Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн гарсан байна. Мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн хот руу нэвтэрсэн байна. Үүнд, Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан аж. Мөн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний талаар дараах мэдээллийг өгөв.
ХӨДӨӨ ОРОН НУТГААС ИРЖ БУЙ ИРГЭД PCR ШИНЖИЛГЭЭНД ЗАЙЛШГҮЙ ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ
НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:
-УОК-ын шийдвэрийн дагуу хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн шөнө Архангай аймгаас хувийн автомашинтай ирсэн зургаан зорчигч шинжилгээ өгөөгүй байсан. Тиймээс бид PCR шинжилгээ авахаар төлөвлөөд байсан. Энэ хугацаанд тус аймгаас ирсэн иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх хооронд тухайн иргэн нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. НОК-оос ялангуяа өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Үүний зэрэгцээ Нийслэлийн онцгой комиссын мэдээлснээр нийтийн тээвэр болон зах худалдааны төвүүдэд иргэд хүн хоорондын зай барихгүй, нэг дор олноороо бөөгнөрөх зөрчил гарч байгаа тул хяналт тавьж байгаа аж. Ялангуяа захын дүүрэг, хороод руу чиглэсэн нийтийн тээвэрт иргэд олноороо зорчиж, зай барьдаггүй зөрчил гарах болжээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хүн хоорондын зай барихыг сануулав. Нийслэлийн хэмжээнд covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тандалт судалгааны “нэг өрх-нэг шинжилгээ”-нд 58 мянган иргэн хамрагджээ. Уг шинжилгээнд эрсдэлт бүлгийн 70 мянган өрх тус бүрээс нэг хүнийг хамруулах юм. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд нийслэлд хүнс болон түлшний хомсдол үүсээгүй болохыг тодотголоо.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ