ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх хуримтлал үүсгэж, эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, тус сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталж байсан. Хууль батлагдсанаас хойш 26 жилийн хугацаанд эрдэнэсийн төрөл нэмэгдсэн, үнэт чулуу, үнэт металлыг тодорхойлох олон улсын жишиг шинэчлэгдсэн, эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа өргөжсөн.

Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох"-оор тусгасан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гарсан байдаг.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангиллаар тодорхойлдог байх, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон. Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсэж болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан." гэж танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөл нь эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, тус санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун эрдэнэсийн санд хадгалагдаж буй хөрөнгийг хэрхэн арвижуулах, хуулийн төсөлд “эрдэнэс”-ийг хэрхэн тодорхойлсон талаар тодруулсан асуултад хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг ойлгоно” гэж, мөн 3.1.4-т ““эрдэнэсийн сан” гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхлэх хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэх зэргээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрдэнэс, түүний дагалдах зүйл, хөрөнгийн хуримтлалыг ойлгоно” гэж нэр томьёог өргөн хүрээтэй болгож тусгалаа. Эрдэнэсийн санд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эрдэнэсийн санг арвижуулах чиглэлээр Улсын Их Хурлаас 2.0 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөгөөр тус тус Эрдэнэсийн санг баяжуулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр мөнгөөр үнэлэгдэхгүй үнэт зүйлийг шамшигдуулсан этгээдэд оногдуулах хариуцлагын талаар асуув. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамт таван хуулийн төслийг боловсруулсан. Эрүүгийн тухай хуульд “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэс зарцуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “эрдэнэсийн сангийн байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин Зөрчлийн тухай хуульд “эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, “эрдэнэсийн сангийн хадгалалт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох” зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан. Хэлэлцүүлгийн явцад хуулийн хариуцлагыг чангатгах боломжтой гэдгийг С.Бямбацогт гишүүн хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг, Б.Жавхлан нар Эрдэнэсийн сангийн хөрөнгийн насжилтыг тодорхойлох аргачлал, технологийн шийдэл болон Эрдэнэсийн сангийн тодорхой соёлын үнэт зүйлсийг олон нийтэд дэлгэж, үзэсгэлэн гаргах замаар Монгол Улсыг сурталчлах, эрдэнэсийн санг арвижуулах, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийг хүнд сурталгүй, шуурхай ажиллуулах, нууцлалын талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтлоо.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Улсын Их Хурлаас Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд баталж, 2012, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх зарим харилцаанаас гадна тулгамдсан олон асуудал гарч, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна. Хууль тогтоомжийн тухай хууль, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Төмөр замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг тус тус үндэслэн энэ хуулийн төслийг боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин сайжрах юм. Мөн тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлэн салбарын шинэ бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авлаа.

Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулахаар болов.

Ажлын хэсгийг шинэчлэн байгуулав

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар  ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж