Зэсийн үнийн өсөлт хүндрэлийг богино хугацаанд давах боломж

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Зэсийн үнийн өсөлт хүндрэлийг богино хугацаанд давах боломж

Зэсийн үнийн өсөлт хүндрэлийг богино хугацаанд давах боломж

Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсч, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах итгэл төрүүлж буй юм.

Оны эхэнд зах зээлийн шинжээчид 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ нь 6050 ам.доллар хүрч өснө, 2020 он зэсийн жил байх болно гэсэн таамаглал дэвшүүлж байв.

Харин өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг тонн нь 7630 ам.доллар байсан зэсийн ханш энэ долоо хоногт даруй 110 гаруй ам.доллараар өсч, 7740-д хүрсэн нь 2013 оны эхний улирлын түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Зэсийн үнэ сүүлийн есөн сарын турш тасралтгүй өссөн нь мөн л 10 жилд тохиогоогүй эерэг үзүүлэлтэд тооцогдож байна.

Олон улсын шинжээчид ирэх жилүүдэд зэсийн ханш тогтвортой өснө хэмээн таамаглаж байна. Тухайлбал, “Fitch” агентлагийн төсөөлж буйгаар, ирэх онд зэсийн дундаж ханш 6300 ам.доллар байх бол “Goldman Sachs” групп нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж, ирэх оны зун гэхэд зэсийн үнэ 7500 ам.доллар орчимд хадгалагдсан хэвээр байна гэжээ. Дүн шинжилгээний “Capital Economics” компани 2021 онд тонн зэсийн үнэ 7500 ам.долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлэв.

Энэ сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 ам.долларт хүрсэн. Covid-19-ийн тархалтын ид үе буюу гуравдугаар сард 4600 ам.доллар болтлоо унасантай харьцуулахад зэсийн үнэ 60 хувиар өссөн нь энэ. Зэсийн үнэ 7000 ам.доллар давсан нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрчим хүчнээс эхлүүлээд бүтээн байгуулалтын салбарт ашиглагддаг зэсийн үнэ энэ онд 22 хувиар өссөн нь 2017 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Зэсийн үнийн өсөлтөд дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улс Covid-19-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаа нь хүчтэй нөлөө үзүүлж буй юм. Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-ыг маш анхааралтай ажигладаг. Уг индекс долоо дахь сардаа дараалан өсч буй. Тухайлбал, аравдугаар сард 53,6 байсан бол арваннэгдүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөлжээ. Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өссөн байна.

Мөн АНУ-ын Moderna, Pfizer, BioNTech, Английн AstraZeneca компаниуд болон Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэн бараг нэгэн зэрэг Covid-19-ийн эсрэг вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлснийг зарлан мэдэгдсэн нь зэсийн үнийн өсөлтөд шууд нөлөөлжээ. Улмаар иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлсэн тухай мэдээллүүд ч дэлхийн эдийн засаг эргээд сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах зээлд оролцогчдод төрүүлэв.

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Тиймээс шинжээчид зэсийн өсөлт бидэнд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах боломж гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Манай улс 2020, 2021 оны төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож, 2020 онд 1.2 сая тонн зэс экспортлон, 1.2 их наяд төгрөгийн орлого, ирэх 2021 онд экспортын хэмжээг 1.43 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөг олохоор тус тус тооцсон. Мөн 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар байхаар тусгасан. Ханшийн уг төлвөөр Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос нийт 100.8 тэрбум төгрөг орно гэсэн үг. Тодруулбал, ирэх онд Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга үлэмж хэмжээгээр өсч, зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, манай улс арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 1.25 сая тонн зэс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8% буюу 35.7 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.

Цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд, аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байгаа юм.

Шинжээчдийн өөдрөг төсөөллөөр, ирэх онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтвол улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ 15 хувиар өсч, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж