“Автобус-1” баазын жолоочоос Covid-19 халдвар илэрснээр цар тахал нийтийн тээврээр дамжин олон хүнийг эрсдэлд оруулж болзошгүй дохиог өгсөн ч нийслэлчүүдийн хөл дүүжилдэг гол унаа автобус хэвээр байна
Учир нь нэр заасан 18 салбарын ажилтан, албан хаагчид QR зөвшөөрлөө үзүүлэн, хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж байгаа бол бусад нь автобусаар хөл залгахаас аргагүй нөхцөлд буй.
Иймээс хувийн унаагаараа явах боломжгүй иргэд автобусаар зорчихоос өөр яалтай. Нэг автобусанд 12-оос илүү хүн тээвэрлэхгүй байх журмыг Автобус компаниуд мөрдөх ёстой ч зорчих иргэдийн тоо нь дэндүү олон тул амьдралд хэрэгжүүлэхэд амаргүй болж, зөрчил гаргасан гэх донго хүртээд байгаа юм.
Жишээ татвал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан өчигдөр нийтийн тээвэрт шалгалт хийжээ. Шалгалтаар 52 автобус хүн хоорондын зай бариагүй, долоон автобус гар ариутгагчгүй, 375 автобус шалгагчгүй байсан зэрэг зөрчил илэрсэн талаар сүр дуулиантай мэдээ цацав. Их том “зөрчил” илрүүлсэн байгаа биз.
Уг нь Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос эрсдэл аль болох бага гаргахыг тооцож, иргэддээ хувийн автомашинаараа зорчих боломжийг тэгш олгосон бол өөрсдийгөө эрсдэл рүү чирэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хэн хүсэх билээ. Гэвч автобусаар зорчиж үзээгүй, тэр дотор ямар “амьдрал” өрнөдөг, нөхцөл байдал ямар байдгийг огт мэдэхгүй нөхөд шийдвэр гаргаж суугаагаас иргэд нь илүү эрсдэлтэй нөхцөлд хөл залгуулж яваа.
Өглөө ажил эхлэх, орой ажил тарах цагаар нэг автобусанд 20, 30-аараа явахаас аргагүй нөхцөлд үйлчлүүлж байна. Учир нь хүйтний цагаар дараагийн автобусыг хүлээхэд амаргүй байна.
Нэг үеэ бодвол нийслэлчүүд автомашины түгжрэл гэх зүйлийг мартсан ч автобус хоорондын үйлчилгээ үзүүлж буй минут хоорондын зай хол байгаагаас хүн олонтой ч ирсэн автобусандаа суухаас аргагүй байгаа. Хүлээгээд дараагийн автобусанд сууя гэвч яг ижил нөхцөлд хүн олонтой л явж таарч байгаа юм.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өдөрт 800 гаруй автобусыг үйлчилгээнд гаргаж байгаа гэх мэдээллийг өгч буй ч цөөн тоогоор зорчигчийг тээвэрлэх журамтай нийцүүлье гэвэл үйлчилгээ хоорондын зайг илүү богино болгохоос аргагүй. Гэхдээ энэ тохиолдолд илүү их алдагдал хүлээнэ.
Иймээс Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс ойлголтоо нэгтгээд QR код гэх дөнгөө цуцлаад салбар харгалзахгүйгээр хүн бүр хувийн унаагаараа зорчих боломжийг олгосон нь дээргүй юу.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ