Бид бүхний сайн мэдэх “Break dance” 2024 оны Парисын олимпийн наадмын хөтөлбөрт багтсан талаар албаны хүмүүс өчигдөр/2020.12.08/ мэдээллээ. Ийнхүү бүжгийн спорт анх удаагаа Олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байна. Хоёр жилийн өмнө Аргентин улсын Буенос-Айрес хотод зохион байгуулагдсан Залуучуудын зуны олимпод бүжгийн спорт анх удаагаа багтаж байсан бөгөөд өдөрт л 30 мянга гаруй хүн үзэж, сонирхсон гэх судалгааг гаргажээ.
Ирэх 2021 оны зуны олимпийн наадамд скейтборд, спорт авиралт, сөрфин гэх спортууд анх удаагаа оролцох болно.
Олон улсын спорт бүжгийн холбооны ерөнхийлөгч Шон Тай “Өнөөдөр түүхэн үйл явдал тохиолоо. Зөвхөн “b-boys” болон “b-girls”-үүдэд бус дэлхийн бүжигчдийн хувьд сайхан өдөр тохиолоо. Олон улсын спорт бүжгийн холбоо 2024 оны Парисын олимпийн хөтөлбөрт багтсандаа өөрсдөөрөө үнэхээр их бахархаж байна. Энэ бүхнийг боломжтой болгоход гүн туслалцаа үзүүлсэн Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд, 2024 оны Парисын олимпийн зохион байгуулагчид, холбооныхоо арын албаны хүмүүст талархаж байна” хэмээжээ.
2024 оны Парисын зуны олимпийн наадамд дэлхийн шилдэг тус бүр 16 эрэгтэй, эмэгтэй “break” бүжигчид өрсөлдөх болно.
Саяхан олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах ирэх 2021 оны Токиогийн зуны олимпийн наадам үзэгчидтэй явагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ