“The Hu” хамтлагийн дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

 “The Hu” хамтлагийн дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.

“The Hu" хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв. Энэ удаа хамтлагийн залуус дахин түүхэн амжилт тогтоохыг үгүйсгэхгүй.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийн тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан.

Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж