Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.12.08/ мэдээлэл хийлээ.
Өчигдрөөс зургаан аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Орхон аймгаас өчигдөр /2020.12.07/ Улаанбаатар хот руу 122 иргэн зорчжээ. Нийтийн тээврийн гурван автобусаар 112 хүн зорчсон бол үлдсэн нь хувийн машинаараа зорчжээ. Мөн Улаанбаатар хотоос гурван автобусаар 80 иргэн, 75 тээврийн хэрэгслээр 242 иргэн тус тус ирсэн байна.
Нийтийн тээврээр ирсэн иргэдээс 12 нь шинжилгээ өгөөгүй болон шинжилгээний хариу гараагүй гэсэн шалтгаантай байжээ. Тэднээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан ч түр хугацаанд тусгаарлаж байгаа юм байна. Мөн нэг тээврийн хэрэгсэл огт шинжилгээ өгөөгүй байжээ.
Улаанбаатар хотоос Орхон аймагт ирж буй иргэдийн тухайд зочид буудалд байрлах хүсэлт гаргасан байна. Гэртээ тусгаарлагдахаас илүү зочид буудалд тусгаарлах хүсэлтэй байсныг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тус аймгийн хэмжээнд 122 хүнийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт руу шилжүүлжээ. Мөн Орхон аймгаас Улаанбаатар луу эрүүл мэндийн шалтгаанаар зорчих 30 хүн, ажлын байрлуугаа явах 9 хүн, хүүхдүүдээ авах 10 иргэн өргөдөл өгчээ. Энэ хүсэлтийн шийдвэр 48 хувьтай байгаа аж.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСНЫ ДАРАА ОРХОН АЙМАГ РУУ ЗОРЧИХЫГ АНХААРУУЛЪЯ
Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Ц.МӨНХЦЭЦЭГ:
– Өчигдрийн байдлаар Орхон аймагт 657 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний хариу нь гарсан тохиолдолд Орхон аймаг руу зорчихыг анхааруулъя. Шинжилгээ өгөөгүй болон шинжилгээний хариу нь хүлээгдэж буй иргэд Улаанбаатараас ирж буй зөрчил гарч байна.Үүнээс болж хүндрэл чирэгдэл бас гарч байгаа тул иргэд шинжилгээний хариугаа авсны дараа Улаанбаатараас гэртээ харихыг зөвлөе. Мөн иргэд шинжилгээ өгөхөөс гурван цагийн өмнө амаа зайлахгүй, шүдээ угаахгүй, тамхи татахгүй гэсэн зарчмыг баримтлаарай.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ