Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээвэрт 12-оос илүү хүн зорчихгүй байхыг мөрдлөг болгож буй. Энэ нь автобусанд хэрэгждэггүй зөрчил дутагдал гарсаар байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт шалгалтаар 52 автобус хүн хоорондын зай бариагүй, долоон автобус гар ариутгагчгүй байжээ. Мөн 375 автобус шалгагчгүй байсан зэрэг зөрчил өчигдөр /2020.12.07/ илэрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар өмнө нь автобусанд нэг дор олон хүн бөөгнөрсөн, бага насны хүүхэдтэй эцэг эх болон ахмад настнууд зорчсон зөрчил илэрч байв.
Цар тахлын үед автобус нь халдвар тархах эрсдэл өндөр тул иргэд аль болох суудал хоорондын зай барих, бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж буй. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан автобуснуудад 1479 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Амралтын өдрүүдэд автобусаар зорчигчид харьцангуй бага, хүн багатай, зарим нь хоосон зорчжээ. Мөн бүх автобусууд ариутгалын хэрэгслээ байршуулсан байжээ. Өчигдрийн байдлаар 344 автобус хүн хоорондын зай барьсан, 389 нь гар ариутгагч бодис байршуулсан байжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ