ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, December 7, 2020
Covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-"Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Голомтлон халдвар гарч буй аймгуудад хавьтлуудын давтан шинжилгээг хийсэн. Тухайлбал, Улаанбаатарт хавьтлын шинжилгээг 1,609 хүнд, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хүнд хийсэн. Үүнээс нэг хүний шинжилгээнд буюу Сэлэнгэ аймагт нэг тохиолдол батлагдсан. Ингэснээр Сэлэнгэ аймагт нийтдээ 204 тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Нийт бүртгэгдсэн тохиолдол:
Улаанбаатар-128
Дархан-Уул-35
Дархан-Уул-31
Орхон-25
Говьсүмбэр-4
Архангай-3
Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 888 бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн нь 384 хүн буюу 43.2 хувь нь эдгэрсэн. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн эмчлүүлж байна” гэлээ.
Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 888 бүртгэгдээд байна. Үүний 440 тохиолдол нь дотоодод батлагдлаа.
ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
-Халдвар гарсан есөн голомтод 2500 орчим эмч, ажилчид ажиллаж байна. Лабораторид суурилсан тандалтад нийт 334.065 хүн хамрагдсан. Улаанбаатар хотод 64 объектод халдваргүйжүүлэлт хийсэн. ЭМЯ-ны харьяа дөрвөн байгууллагын тусгай дугаарын дөрвөн утсанд 24 цагийн хугацаанд 17809 хүн хандаж корорнавируст халдвар болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой зөвлөгөө зөвлөмж авсан. Мөн ЭМЯ-ны 32300 дугаарын утсанд 1104 иргэн хандаж коронавируст халдвартай холбоотой зөвлөгөө авсан. Дэлхий нийтэд халдварын тархалт улам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 218 улс орны 66.4 сая хүнээс халдвар илэрч, 1.5 сая хүн нас барсан бол 46.9 сая хүн эдгэрсэн байна. Дэлхий нийтэд хоёрхон хоногт нэг сая хүн халдвар авсан нь халдварын эрч улам нэмэгдэж байгааг харуулна. Бүх хүн сонор сэрэмжтэй байх цаг үе ирээд байна.
Хурал болгоноороо улс орны туршлагыг сонирхуулдаг. Энэ удаад Австралийн Мельбурн хотын туршлагыг хуваалцъя. Тус хотын засаг захиргаанаас халдварыг бууруулахын тулд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, хөл хориог тогтоосон. Нэг хүн эмийн сан, нэг л хүн дэлгүүр ордог байх зарчмыг мөрдсөн нь өндөр үр дүн өгсөн. Хүний бөөгнөрөл багасгах арга хэмжээг авсан. Мөн хавьтлыг богино хугацаанд илрүүлсэн. Үйлчилгээний ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулсан.
Тиймээс иргэд маань онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг чандлан мөрдөх шаардлагатай байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллыг сайтар сахих ёстой. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх гэдгийг дэлхий дахинд сайтар мөрдөж байгаа. Тиймээс аль болох тухайн хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх. Амны хаалт зүүхээс гадна нүдний шил заавал зүүх шаардлагатай. Халдвар шүлсээр дамжихаас гадна нүдэнд халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Мөн хүнсний бүтээгдэхүүнүүдэд нүцгэн гараараа хүрч болохгүй. Хавчаараар хүрэх шаардлагатай. Амталгаат худалдаанаас зайлсхийх. Бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байх зэргийг заавал мөрдөх хэрэгтэй. Хүн бүр эрсдэлтэй учир халдвараас сэргийлэх эсэх нь иргэн таны гарт байгааг үргэлж санах хэрэгтэй.
-Хэд хэдэн улс үйлдвэрлэсэн вакцинаа хэрэглэж, зарим улс худалдан авч эхлээд байна. Манай улс вакцины сонголтод иргэдийн саналыг авах боломжтой юу?
–ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн хэд хэдэн орон тухайлбал, ОХУ, Их Британи, Сингапур улс хүн амаа дархлаажуулах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Ер нь бол вакцин хөгжүүлэлт маш удаан хугацаанд буюу 10-15 жил үргэлжилдэг ч цар тахалтай холбоотойгоор харьцангүй богино хугацаанд вакцинууд үйлдвэрлэгдэж байна. Манай улсын хувьд томуугийн вакциныг ДЭМБ-ын зөвшөөрөлтэй үйлдвэрлэсэн гэх шалгуур тавьж, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр авдаг. ДЭМБ-аас вакцинд урт хугацааны зөвшөөрөл олгодог ч Covid-19-ийн хувьд богино хугацааны зөвшөөрөл олгох юм байна гэсэн мэдээлэлтэй байгаа. Covid-19-ийн вакцин тархвар судлалын заалтаар хийгдэх тул иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгдэнэ” гэлээ.
Холбоотой мэдээ