НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

НҮБ: Цар тахлын үед улс төрийн хоригдлуудыг даруй суллах ёстой

Дэлхий олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна.

НҮБ-аас ч цар тахлын үед хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалж байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Мишель Бачелет цар тахлын үед хоригдлуудыг суллах улс орнуудын шийдвэрийг сайшаагаад хамгийн түрүүнд суллагдах ёстой хүмүүс бол “Хангалттай хэмжээний нотлох баримтгүйгээр, эрх баригчдыг шүүмжилсэн, үзэл бодлын зөрүүтэй байдлын улмаас саатуулагдсан, ялангуяа улс төрийн хоригдлууд” юм гэдгийг онцолжээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Эрх чөлөөгөө ямар нэг байдлаар хасуулсан хүмүүсийн эрүүл, аюулгүй байх эрхийг нь тухайн улс орон хангах ёстой” гэж заасан байдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Өмнө нь Чилийн Ерөнхийлөгч байсан Мишель Бачелет “Хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон үед жанжин шугамаа барьсан шийдвэр гаргах нь хүнд байдгийг төрийн тэргүүн байсны хувьд мэднэ. Гэвч бид цар тахлын асуудалд цогцоор хандах хэрэгтэй. Ингэхдээ нийгэм дэх хамгийн эмзэг, өртөмтгий, орхигдсон хүмүүсийг мартаж үл болно. Цар тахлыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорих тогтоох болон бусад ийм төрлийн арга хэмжээг авахдаа хүний эрхийн стандартыг ягштал баримтлах ёстой” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн улс орнуудын хувьд зарим хөнгөн ялтай хоригдлуудыг ялаас бүр мөсөн чөлөөлөх, улс төрийн хоригдлууддөө өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Мөн зарим улсууд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах, хүн хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулах /амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагчийн үйлдвэр/ зэргээр шийдэж байна.

ТУРКТ УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДАА СУЛЛААГҮЙ НЬ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Турк улсын эрх баригчид шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сард олон мянган хоригдлыг түр болон бүр мөсөн суллах хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр тус улсын өнцөг булан бүрт байгаа шоронгуудаас 45 мянга орчим хоригдол бүр мөсөн, мөн тооны хоригдол түр хугацаагаар гээд нийт 90 мянга орчим хоригдол суллагдахаар болсон.

Энэ хуулийн төсөлд терроризмийн ялтай хоригдлуудыг /50 мянга орчим/ хамруулаагүйг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилсэн. Учир нь ийм ялтай хоригдлуудын ихэнх нь 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улстөрчид, сэтгүүлчид байгаа юм. Төрийн эргэлтийн дараа нийт хоригдлын тоо 300 мянга хүрч байв.

АНУ-Д ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТОО ЭРС БУУРАВ

АНУ-ын шоронгууд гуравдугаар сараас коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлэх үүднээс хоригдлуудаа суллаж эхэлсэн. Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулсны дараа тус улсын өнцөг булан бүрт байрлах шоронгууд хоригдлуудаа суллах шийдвэрийг ар араасаа гаргасан юм. Хоригдлууд болон харгалзагчдын дунд ч халдвар тархаж эхэлсэн нь уг шийдвэрийг гаргахад хүргэсэн билээ.

Тус улс нь түр хугацаанд суллагдсан хоригдлуудыг амны хаалт, хамгаалах хэрэгслийн үйлдвэрт ажиллуулах, covid-19-ийн улмаас нас барагсдын цогцсыг зөөлгөх зэрэг ажилд дайчилж байгаа юм.

АНУ нь дэлхийд нэг хүнд оногдох хоригдлын тоогоор тэргүүлдэг бөгөөд нийтдээ 2.3 сая хүн холбооны болон орон нутгийн шоронгуудад хоригддог. Тус улсад гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд шоронд ял эдэлж буй хүмүүсийн тоо 25 хувиар буурсан байна.

ИРАН ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАЖ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ДАЙЧЛАВ

Иран улсын Засгийн газар гуравдугаар сарын сүүлчээр цар тахлын эрсдэлээс сэргийлэх болон Хаврын баярыг тохиолдуулан 10 мянган хоригдолд өршөөл үзүүлж суллахаар шийдвэрлэсэн. Өршөөлөөр суллагдах хоригдлуудын дунд улс төрийн шалтгаанаар хоригдсон зарим хүмүүс ч багтжээ. Үүнээс өмнө тус улс нь 85 мянган орчим хоридлыг түр хугацаанд суллаж Covid-19 цар тахлын эсрэг тэмцэхэд аюулгүй байдлыг хамгаалах хүчнээр ажиллуулсан юм. Эдгээр хүмүүсийн зарим нь буцаж хоригдох шаардлагагүй болж, эрх чөлөөтэй болсон. Засгийн газраас баталсан өршөөлд улс төрийн хоригдлууд олноороо багтсан ба таваас бага жил хорих ялтай хоригдлууд багтжээ. Тус улсын хувьсгалт гвардын хамгаалагчид ойрын жилүүдэд Америк, Британи, Канад, Австрали, Австри, Франц, Швед, Нидерланд, Ливаны иргэд, давхар иргэншилтэй иргэдийг хэдэн арваар нь баривчлан саатуулсан юм. НҮБ-аас ч тус улсад улс төрийн шалтгаанаар хорих ял эдэлж байгаа хоригдлуудаа суллахыг уриалсаар байсан юм.

ЭНЭТХЭГ 17 МЯНГА ОРЧИМ ХОРИГДЛЫГ СУЛЛАНА

Энэтхэгийн мужуудаас цар тахалд хамгийн ихээр өртсөн Махараштра мужийн Засгийн газар нийт 35 мянган хоригдлоос 17 мянга орчмыг нь суллах шийдвэр гаргасан. Суллагдсан хоригдлуудын дунд хэрэг нь шалгагдаж буй таван мянга орчим хоригдол байгаа бол долоо хүртэлх жилийн ял авсан  таван мянга орчим хоригдол багтаж байна. Үлдсэн хоригдлуудын хувьд долоогоос дээш жилийн ял авсан хоригдлууд багтаж байгаа бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг суллаагүй аж. Энэ мэтчилэн дэлхийн олон улс орнууд хүний эрхийг тэгш хангах, цар тахлын тархалтыг хязгаарлах үүднээс хамгийн эрсдэлтэй бүлэг болох хоригдлуудаа суллах шийдвэрийг гаргасаар байгаа юм.

Эх сурвалж: Conversation.com, un.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж