Covid-19 баячуудын хөрөнгийг өсгөж, ядуусыг ажилгүй болгов | News.MN

Covid-19 баячуудын хөрөнгийг өсгөж, ядуусыг ажилгүй болгов

Covid-19 баячуудын хөрөнгийг өсгөж, ядуусыг ажилгүй болгов

Covid-19 баячуудын хөрөнгийг өсгөж, ядуусыг ажилгүй болгов

Хөрөнгийн зах зээлд хөөрөгдөл өндөр байна. Хувьцаа хэтэрхий их үнэтэй болсноос баячууд хэт их мөнгө олж эхэлжээ. Өнгөцхөн харахад л, энэ цагт баячууд тэгш бус байдлаар их хэмжээний баялаг хуримтлуулж байхад бусад хүмүүсийн амьдрал улам доройтож байна.

Энэ талаар өмнө нь ч хүмүүс ярьж, хэвлэл мэдээллүүд бичсээр ирсэн. Гэвч “Баялагийн тэгш бус байдал бол муу…”, “Бодит эдийн засаг сүйрч байхад хөрөнгийн зах зээл тэнгэрт тулж байна…” гэх мэт мэдээллүүдийг хүмүүс төдийлөн анхаардаггүй байлаа. Харин өдгөө байдал дэндүү ноцтой болж эхэлж байгаа тул энэ асуудалд энгийн ард ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Жишээлбэл, “АНУ-д цар тахал эхэлснээс хойш баячууд нэг их наяд ам.доллар халаасалжээ” хэмээх гарчигтай нийтлэл буй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын баячуудын хөрөнгийн хэмжээ гуравдугаар сарын 18-нд нийт 2.9 их наяд ам.доллар байсан бол арваннэгдүгээр сарын 24-нд 3.9 их наяд ам.доллар болж өсчээ. Гэтэл энгийн ард түмэн сая саяараа ажилгүй болж, тоолохын аргагүй олон хүн амин зуулгадаа хүрэхтэй үгүйтэй өдөр хоног өнгөрөөж, 15.3 сая хүн халдвар авч, 290 мянга гаруй хүн нас барсан байна.

Тэгвэл АНУ-ын баячуудын талаар улам лав судалж үзье. Жишээлбэл, АНУ-д 650 тэрбумтан бий. Сүүлийн үед хийсэн судалгаагаар тэдний 29 нь цар тахлаас хойш буюу гуравдугаар сараас өнөөг хүртэл хугацаанд хөрөнгөө хоёр дахин өсгөсөн аж. Энэ тоог 47 хүн хэмээн мэдээлж буй эх сурвалж ч бий. Энгийн ардын зүгээс харахад энэ бол дэндүү шударга бус зүйл. Элон Маскын хөрөнгө энэ жил 100 тэрбум ам.доллараар өсөв. Мөн Жефф Безосын хөрөнгө 70 тэрбум ам,доллар, Дан Гилбертийн хөрөнгө 575 хувь буюу 44 тэрбум ам.доллараар нэмэгдэв.

Ингээд харахад АНУ-ын хүн амын хамгийн баян нэг хувь нь 34.23 их наяд ам.долларын хөрөнгөн дээр сууж байгаа бол ядуу 50 хувь нь бүгд нийлээд 2.08 их наяд ам.доллартай байна. Өөрөөр хэлбэл, Нэгдсэн улсын хүн амын тэн хагасын хөрөнгийг нийлүүлснээс илүү баячуудын бүрдүүлдэг ганцхан хувь 16.5 дахин их байна.

Хуучны татистик мэдээллээс харахад 1989 оны гуравдугаар улиралд баян нэг хувь 4.81 их наяд ам.долларын хөрөнгөтэй байсан бол ядуу 50 хувь нь 0.76 их наяд ам.долларын хөрөнгөтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нэг хувь баячууд 50 хувь ядуусаас 6.3 дахин их хөрөнгөтэй байж.

Тэгвэл одоо юу хийж болох вэ? Энэ асуултын хариултад хөтлөх гурван асуулт бий.

Бид өөрсдөө хэрхэн илүү олон хүн баялаг бүтээхэд туслах вэ?

Тэгш бус байдлыг арилгахын тулд засгийн газар татвараас өөр юу хийж чадах вэ?

Мөн баячууд гараа хумхиж суугаад, өндөр татвар төлөхөөс өөр юу хийж чадах вэ?

“Цар тахал өдгөө хүмүүсийн орлого, арьс өнгө, угсаа гарал, газарзүйн хувьд асар их тэгш бус байдал буйг илчилж байна. Тиймээс улс орнууд үнэхээр эдийн засгаа аврахыг хүсч байгаа бол орлогоос нь үл хамааран хүн бүрт туслах хүртээмжтэй бодлого баримтлах ёстой” хэмээн Брукингсийн хүрээлэнгийн ахлах ажилтан, “Тэрбумтнуудын тухай эргэцүүлэл” номын зохиолч Даррелл М.Уэст ярьжээ.

Эхний асуултад хариулт хайж үзье. Илүү олон хүн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой юу? Одоогийн байдлаар АНУ-ын хувьд нийт өрхүүдийн 52.6 хувь нь хөрөнгийн зах зээлд ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулж байна.

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Эндрью Янг “АНУ-ын хувьд бол бид “ялагч бүгдийг авна” хэмээх шударга бус, хатуу дүрэмтэй эдийн засаг дотор амьдарч байна. Тухайлбал, америкчуудын топ 20 хувь нь хөрөнгийн зах зээлийн нийт баялагийн 92 хувийг эзэмшиж байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр америкчуудын гар дээр илүү их мөнгө олох боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна хүн бүр сар тутам тогтмол хэмжээний мөнгө авах бүх нийтийн суурь орлогын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн онцолсон байна. Мөн Янг боловсролын салбарт өөрчлөлт хэрэгтэйг анхааруулж, “Бүх хүмүүс ахлах сургуульд санхүүгийн боловсрол эзэмших ёстой. Үүнийг нь ч банк, компаниуд дэмжих ёстой” хэмээжээ. Үүнтэй бусад мэргэжилтнүүд ч санал нэг байгаа юм. Тэднийхээр чинээлэг айлд төрсөн хүүхдүүд багаасаа санхүүгийн өндөр мэдлэгтэй болж хүмүүждэг нь жирийн хүмүүсийн хажууд шинэ хэл сурах мэт ярвигтай зүйл аж.

Улам нэмэгдсээр буй баялгийн тэгш бус байдлын талаар асуудал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байденг ч тойрсонгүй. Энэ асуудал түүнийг суудалдаа сууснаас хойш шийдвэрлэх эхний яаралтай асуудал болж ч магадгүй. Мөн өдгөө АНУ-ын хувьд хүмүүс олон хэсэг болон талцаж хуваагдаж буйн хамгийн том шалтгаан нь баялгийн тэгш бус байдал билээ. Үүнээс хоёр дахь асуулт гарч ирж байна. Засгийн газар тэгш бус байдлыг арилгахын тулд юу хийж чадах вэ?

Эдийн засгийг өсгөхийн тулд зээлийн хүүг бууруулах зэрэг уламжлалт аргууд нь өдгөө хангалтгүйн дээр хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүмүүст биш, баячуудад нэмэртэй байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

Корнеллийн их сургуулийн эдийн засагч Эсвар Прасад “Холбооны нөөцийн сан чадах бүхнээ хийж байгаа. Гэвч тэдний арга маш энгийн арга юм. Хэдий зээлийн хүүг маш ихээр бууруулсан ч ийм эдийн засгийн хүндрэлтэй үед хамгийн ихээр тусламж хэрэгтэй байгаа ард, бизнес эрхлэгчид зээл авахыг төдийлөн хүсэхгүй” хэмээсэн аж.

USA today агентлагийн тоймч Оуэн Уллманн “Энэ цаг үед дундаж хөдөлмөр эрхлэгчдийн зовлонг ойлгож хүндэтгэх нь нэн чухал” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн баячуудаас илүү өндөр татвар авах нь зайлшгүй хэрэгжүүлэх аргуудын нэг хэмээжээ. Харин Жо Байден дараах зүйлсийг сануулсан юм.

  • 400 мянган ам.доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмэх, үүнд дээд хүүг 39.6 хувь болгон өсгөх.
  • Нэг сая ам.доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг сайн дурын үндсэн дээр илүү нэмэх.
  • Аж ахуй нэгжийн татварын хэмжээг 28 хувь болгох.
  • АНУ-ын компаниудын гадаад орлогоос хамгийн багадаа 21 хувийн татвар авах.
  • Гадаадад ажлын байр олгодог корпорациудаас нэмэлт татвар авах.
  • Корпорациудын татварын доод хэмжээг 15 хувь болгох.

Гэвч баячууд энэ бүхнийг эсэргүүцэхийн төлөө чадахаараа хичээж, холбооны нэгдсэн санд хөрөнгө оруулах нь ямар ч ашиггүй гэж маргасаар байх болно.

Тэгвэл гурав дахь асуулт буюу баячууд гараа хумхиж суугаад өндөр татвар төлөхөөр өөр юу хийж чадах вэ?

Дэлхийд техник технологиороо дээгүүрт ордог хувийн өмчийн Silver Partners компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Дэйв Роукс эхнэр Барбтайгаа хамтран оюутнуудад дижитал инженерчлэл, орчин үеийн технологийн чиглэлээр зэрэг олгох зорилгоор Роугийн хүрээлэн байгуулж, тэтгэлэг олгодог болжээ.

Тус хүрээлэн нь нэг талаас туршилт бөгөөд ихэнх сургуульд заадаггүй хөтөлбөрийг оюутнуудад сурган, өндөр үнэ цэнтэй ажилд бэлдэх замаар чинээлэг амьдралд хүрэхэд нь туслах арга юм.

Роукс хэдий хангалттай чинээлэг ч Forbes, Bloomberg сэтгүүлүүдийн нэрлэдэг баячуудын тоонд хараахан ороогүй нэгэн юм. Тиймдээ ч тэрбээр одоохондоо цөөхөн хотод л хүрээлэнгээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэрбээр “АНУ-д боломжийн тэгш бус хуваарилалтаас үүдэн баялагийн хуваарилалт шударга бүс хэмжээнд хүрч байна. Боломжийн хуваарилалт нь нэг ба түүнээс олон судалгааны их сургуультай цөөхөн хэдэн хотод л ихээр төвлөрсөн байдаг. Боломж олж авахын тулд авьяас, чадвараас гадна боловсрол, дэмжлэг маш чухал” хэмээн ярьжээ.

Одоогийн байдлаар Роукс хүрээлэнгийн эхний семестрт 200 гаруй оюутан сурч байгаа гэнэ. Тус хүрээлэнгийн тогтолцоо маш шинэлэг бөгөөд албан ёсоор үнэлэгдэх үнэмлэх олгодог. Тус хүрээлэнд хичээллэхийн тулд заавал дипломын хөтөлбөрт хамрагдахгүй байж болох бөгөөд бүртгүүлж, дан эсвэл хос дамжаанд сууж, хэдэн ч удаа гэрчилгээ, үнэмлэх авах боломжтой аж. Мөн хүрээлэн 31 том стратегийн түнштэй.  Тэдгээр нь судалгааны төслүүдийг санхүүжүүлэх, дадлагажигч ажиллуулах, ажлын байраар хангах тохиролцоотой аж.

Их сургууль төгссөн залуус өндөр ур чадвартай ч зөв ажлын байраа олж чадахгүй байгаа нь том асуудал юм. “Өнөөдөр сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн 25 хувь нь тусгай мэргэжлийн зэрэгтэй ч түүнийгээ ашиглаж чадахгүй байна. Тэд ихэвчлэн даатгалын компани, автомашин худалдааны газруудад ажиллаж байна” хэмээн Роукс ярьжээ. Тэрбээр үүнтэй төстэй аргаар баячууд аль болох их хүнд боловсрол, боломж олж авахад нь тусалж, ажлын байраар хангах нь өндөр татвар төлөөд зүгээр сууснаас илүү аль аль талдаа ашигтай хэмээн үздэг гэнэ.

Эх сурвалж: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ӨӨ 2020-12-08 192.82.73.175

ЭНЭ ӨВЧИН ХЭНД АШИГТАЙГ ХАРЖ БАЙНА УУ?

Avatar

Зочин 2020-12-08 66.181.183.108

Манайд ч гэсэн баячуулаас авах татварын хэмжээг нэмэх хэрэгтэй. САяхан ОХУ сарын 20 сая орчим төгрөгөөс дээш орлоготой хүнээс авах татварын хэмжээг нэмсэн, манайд ч мөн ингэж өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-08 202.126.90.75

Roukstoi sanal neg bn

Avatar

Карл Маркс ба түүний нөхөд 2020-12-08 139.5.216.209

Капитализм бол капитализмаараа л байгаа шүү дээ. Комунизм энэ тэр гээд олон туршилтууд амжилтгүй болж байсан түүхүүд бий. Тиймээс тэдний хөрөнгийг хураах биш харин нийгмийн шударга ёсыг бага ч гэсэн тогтоохын тулд татвар гэдэг юм л маш шалгарсан арга. Харин тэр хуримтлуулсан мөнгийг идэж уулгүй зөв зүйлд хуваарилах нь жинхэнэ төрийн ариун үүрэг.

Avatar

mgl 2020-12-08 192.82.76.139

Amerikiin kapitalism buruu ni haragdaj baina. Mongold mun 1% ni het bayan bolson. German, Swiss, Sweden mayagiin kapitalism ruu oroh heregtei baina.

Avatar

иргэн 2020-12-08 202.179.27.138

Хулгайлж Луйвардсан зүйлээ эргүүлж Улсынхаа ЭЗ-т зориулж гийгүүлдэг юу л бол хэрвээ зориулдаг юмаа гэж бодоход дараа нь нөхөж олох гэж Улс орныг эргүүлээд Самрах байлгүй Тэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж