Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ тодрууллаа. Тэрбээр “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг дулаарна. Гэхдээ салхи шуургатай, жавартай байх учраас хүнд мэдрэгдэх агаарын температур хүйтэн байна" гэдгийг анхааруулсан юм.
-Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт ихэнх нутгаар хүйтэн байлаа. Агаарын температур шөнөдөө хэдэн градус хүрч байна вэ?
-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байна. Өчигдөр шөнийн байдлаар Завхан голын эх буюу Отгонтэнгэр хайрханы орчим, Баянхонгорын хойд тал Хүрэнбэлчирээр шөнөдөө -46 градус хүрч, хүйтэн хонолоо. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэн хонож байна.
Харин Улз, Онон голынхоо хөндийгөөр цас багатай учраас харьцангуй дулаан байна. Бусад голын хөндийгөөр нэлээд хүйтэн шөнөдөө -30 градусаас -35 градус хүрч байна.
-Улаанбаатар хот орчмоор цаг агаар ямар байгаа бол?
-Улаанбаатар хот орчмоор шөнөдөө цана цохиж, цас хялмаалж байна. Ойрын өдрүүдэд хотын төвөөр -24 градусаас -26 градус, Яармаг, Сонгино, Туул голын хөндий орчмоор шөнөдөө -33 градусаас -35 градус хүрч, хүйтэн хонож байгаа. Харин арванхоёрдугаар сарын 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.
Гэхдээ энэ өдрүүдэд нэлээд салхи шуургатай байх учраас агаарын температур улам хүйтэрч байгаа юм шиг мэдрэгдэнэ. Өмнөх долоо хоногт салхигүй харьцангуй тогтвортой байсан шүү дээ.
Цаашид арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн хүйтний эрч ихэнх нутгаар чангарч, салхи шуургатай байна. Ирэх долоо хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай, хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын , 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
-Нийт нутгийн хэдэн хувьд хур тунадас орсон бэ?
-Арваннэгдүгээр сарын 30-ны зургаар нийт нутгийн 62 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Одоо арванхоёрдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
-Цас их орсны улмаас зарим аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Малчид, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэх үү?
-Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, температур дулаан юм чинь гэж бодоод холын замд нимгэн хувцаслах, малаа холын бэлчээрт явуулахгүй байхыг анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх учраас малын бэлчээрлэлтэд тааламжгүй, жавартай, хүйтэн салхитай байх тул малыг ойрын бэлчээрт гаргаж, нөмөр нөөлөг газраар хариулах, хөлдөж осгохоос сэргийлэх, малд явахдаа осгож хайрагдахаас сэргийлж, дулаан хувцаслахыг зөвлөж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ