Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин | News.MN

Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин

Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин

Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин

Английн Премьер лигийн 2020-2021 оны улирлыг Лондон хотын Тоттенхэм Хотспур баг тун сайн эхлүүлж, хүснэгтийг тэргүүлж байна. Өнгөрсөн улирлаас эхлэн Португал мэргэжилтэн Жозе Моуриньог багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон тэдний хувьд энэ улиралд үнэхээр онцгой байгаа. Ялангуяа Өмнөд Солонгос довтлогч Сон Хын Мин одоогоор 11 тоглолтонд 10 гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгсөн гэх супер үзүүлэлтийг толилуулж байна. Өдгөө 28 настай түүнийг өнөө цагийн Ази тивийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэхэд буруудахгүй биз ээ.

Рекорд эвдэгч

Кей лигийн Сөүл багийн бөмбөг зөөдөг байсан хүү 2008 онд Донбук ахлах сургуулиа орхиж, Солонгосын хөлбөмбөгийн холбооны залуучуудын хөтөлбөрт тэнцэж, Германыг зорив. 18 насныхаа төрсөн өдрөөр мэргэжлийн хөлбөмбөгчний анхны гэрээгээ байгуулсан Сон Хын Мин асар хурдацтай сайжирч, өөрийгөө харуулж эхэлсэн. Тэрбээр 18 насандаа Хамбург багийн төлөө анхны гоолоо оруулж, тус багийн түүхэнд Манфред Калтзын тогтоосон хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин гэх амжилтыг шинэчилжээ. Энэ бол түүний ирээдүйд эвдэх рекордуудынх нь дөнгөж эхлэл байлаа.

Түүнийг тухайн үед Германы хэвлэлүүд Өмнөд Солонгосын домогт хөлбөмбөгчин “Ча Бүүм” хочит Ча Бум-Кунтай харьцуулж байв.

Германы Хамбург болон Байер Леверкузэн багуудад таван жилийг өнгөрүүлсэн түүнийг 2015 оны наймдугаар сард Английн Тоттенхэм Хотспур баг 30 сая еврогоор худалдан авсан. Ингэснээр Сон Хын Мин хамгийн өндөр үнэд хүрсэн Ази хөлбөмбөгчин болж бас нэг рекорд эвдэв. Энэхүү рекордыг өмнө нь 2001 онд Япон хөлбөмбөгчин Хидэтоши Наката 25 сая еврогоор Италийн Ромагаас Парма баг руу явсан үзүүлэлтээрээ эзэмшиж байсан юм. Одоогоор Сон Хын Мин Англид таван жилийг өнгөрүүлэх хугацаандаа Премьер лиг болон УЕФА Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан Ази хөлбөмбөгчин болоод байна. Мөн тэрбээр Европ тивд хамгийн олон гоол оруулсан Ази хөлбөмбөгчин гэх алдрыг Ча Бум-Кунаас булаажээ. Гэхдээ энэ нь түүний эвдсэн хамгийн том амжилт хараахан биш ээ.

Сон Хын Мин 2018-2019 оны улиралд Тоттенхэм багтайгаа Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарч, тухайн улиралдаа 48 тоглолтонд 20 гоол, 10 гоолын дамжуулалт өгсөн гэх сүрдэм хувийн амжилтыг үзүүлэв. Хэдийгээр финалд хожигдож, мөнгөн медалийн эзэн болсон ч Сон 2019 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах Баллон д’Орын санал асуулгад 22-р байранд орж, алтан бөмбөгт хамгийн ойртсон Ази тамирчнаар шалгарч байлаа.

Премьер лигийн сарын шилдгээр тодорсон мөн Премьер лигт 50 гоол оруулсан анхны Ази хөлбөмбөгчин бол Сон Хын Мин.

Соналдо

Хамгаалалтын мэргэжилтэн, "автобус байрлуулдгаараа" алдартай Жозе Моуриньогийн сөрөг довтолгоонд Сон Хын Мин төгс тохирч байгаа. Өнгөрсөн улирал Бөрнли багийн эсрэг Сон талбайг ганцаараа бөмбөгтэй бүтэн туулж гайхалтай соло гоол оруулсны дараа Жозе Моуриньо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Түүнийг эдгээр гоолуудыг оруулахаас ч өмнө хүү маань Соныг Соналдо гэж дууддаг байсан юм. Соналдо Назарио гэж шүү. Өнөөдөр тэр Соналдо Назарио байлаа. Учир нь би түүний гоолыг хараад тэр нэг өдөр Сир Бобби Робсоны хажууд суугаад харж байсан нэг гоол шууд санаанд буусан юм. 1996 онд Барселона болон Компостела багуудын тоглолтонд Роналдо Назарио төвийн шугамнаас бөмбөг аваад яг Сон шиг гоол оруулж байлаа. Энэ л ийм санаанд буусан эхний зүйл” хэмээн ярьжээ.

Сон Хын Миний оруулсан тэрхүү гайхалтай гоол 2019-2020 оны улирлын Английн Премьер лигийн шилдэг гоолоор тодорч, FIFA-ийн оны шилдэг гоолыг тодруулдаг Пушкашийн шагналд нэр дэвшиж байсан юм.

Цэргийн алба хаасан, чанга аавын хүү

Өмнөд Солонгосын хуулинд 18-35 насны цэргийн албанд тэнцэх эрүүл чийрэг биетэй эрэгтэй хүмүүс хамгийн багадаа 21 сар цэргийн алба хаах ёстой хэмээн заасан байдаг аж. Гагцхүү сэтгэцийн өөрчлөлттэй, давхар иргэншилтэй хүмүүс эсвэл олимп, Азийн наадамд түрүүлсэн тамирчдыг цэргийн албанаас чөлөөлдөг хуультай. 2014 оны Азийн наадамд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид түрүүлж, цэргийн албанаас чөлөөлөгдсөн ч Сон тэрхүү багт багтаагүй юм. Учир нь тухайн үед Байер Леверкузэн УЕФА Аваргуудын лигийн урьдчилсан шатны чухал тоглолт хийх байсан тул Соныг явуулаагүй.

Азийн наадам нь FIFA-ийн хуваарьт тэмцээн биш учир улс орнуудын хөлбөмбөгийн холбоод шигшээ багийнхаа тамирчдын багуудтай холбогдож, зөвшөөрөл авах ёстой.

Ийнхүү 22 настай Сон 2018 оны Азийн наадамд түрүүлэх эсвэл цэрэгт татагдах гэсэн хоёр сонголттой нүүр тулсан. Тэрбээр 2018 оны Азийн наадамд 26 настайдаа улсаа төлөөлөн, багийн ахлагчийн үүрэгтэй оролцож алтан медалийн төлөө Японыг нэмэлт цагт 2-1 гэсэн харьцаатайгаар буулган авч цэргийн албанаас чөлөөлөгдсөн юм.

Гэвч  түүнд урт хугацааны цэргийн алба хаахгүй дөрвөн долоон хоногийн турш энгийн цэргийн бэлтгэлд эсвэл гурван долоо хоногийн турш тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдах гэсэн дахин нэгэн сонголт гарч ирэв. Азтай гэмээр ч юм шиг цар тахал дэлхий даяар дэгдэж, Премьер лиг түр завсарлах үеэр Сон-Хын Мин тэнгисийн цэргийн гурван долоон хоногийн бэлтгэлд хамрагдахаар болж, Чэжү арлын тэнгисийн цэргийн есдүгээр бригадад алба хаажээ.

Спонж Боб үзэж, герман хэл сурсан Сон Хын Мин өдгөө англи хэлээр “ус, цас” ярьдаг гэнэ.

Өдгөө 28 настай Сон Хын Мин цэрэгт алба хаах хугацаандаа буудах, жад ашиглах, хими, биологийн мэдлэг, холбооны хэрэгсэл ашиглах, мөн тулааны болон анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх гэх зэргийг сурсан аж. Есдүгээр бригадын нэгэн оффицер ярихдаа “ Сон Хын Мин буудлага дээрээ 10-аас 10 онож ‘Пильсун’ хэмээх шилдэг үзүүлэлт гаргасан цэрэгт олгодог таван шагналын нэгийг хүртсэн. Бүхий л шүүлтүүрүүд цэвэр шударга, маш сайн хараа хяналтан дунд явагдсан” хэмээж байжээ.

Сон Хын Миний аав Сон Үн Жүн хүүдээ их хатуу шаардлагыг тавьдаг. Энэ талаар Сон нэгэн удаа ярихдаа “Бага байхад аав ах, бид хоёрыг өдөр бүр дөрвөн цаг бөмбөг жонглёрдуулдаг байсан. Гурван цаг жонглёрдсаны дараа гурван бөмбөг харж эхэлдэг байлаа. Нүдэнд цус хураад л шал улаан өнгөтэй болж харагдана. Үнэхээр их ядардаг байсан. Аав их ууртай байдаг байсан. Бид одоо ч энэ талаар хамтдаа ярьж, инээлддэг. Дөрвөн цагийн турш бөмбөгөө газар унагахгүй жонглёрдоно гэдэг хэцүү биш гэж үү? “ хэмээн ярьжээ.

Харин түүнээс хэзээ эхнэр хүүхэдтэй болох гэж асуухад “Аав хэлэхдээ намайг зодог тайлсныхаа дараа л гэрлээрэй гэсэн. Би ч зөвшөөрсөн. Хэрэв хүнтэй гэрлэвэл гэр бүл, эхнэр, хүүхдүүд нэгдүгээрт тавигдаж, хөлбөмбөг дараа нь орно. Харин би ид тоглож байгаа дээрээ хөлбөмбөгийг нэгдүгээрт тавьмаар байна. Хэр удаан өндөр түвшинд хөлбөмбөг тоглож чадахаа би мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-08 112.187.150.52

Ene jil Tottenham hojeh bolnoo

Avatar

BOLD 2020-12-08 66.181.161.39

AZIIN SHILDEG BVX TSAG VYIIN

Avatar

зочин 2020-12-08 64.119.18.150

Одоохондоо ч сайн л байна, үнэхээр сайн байгаа эсэх нь boxing day-ийн үеэр болон дараа нь л харагдана даа, тэгж байтал хамтрагч Кейн нь ээлжит гэмтэлээ авна, их юм болноо, улирлыг энэ эрчээрээ дуусгаж чадахгүй л болов уу

Avatar

Мисс 2020-12-08 64.119.21.120

Таван улирал тэр boxing day-ийг чинь туулаад гарцан тоглогч шү дэ. Кэйнтэй Кэйнгүй багаа чирээд ирсэн.

Avatar

Зочин 2020-12-08 59.153.114.80

Сэтгүүлчид маань Бупант Албион, арлын япон, нэр тахлах гэх мэт зүйрлэлүүд бол зохимжгүй зүйрлэл дээ. Япон улсыг арлын гэх шаардлагагүй. Нүүр тахлах гэдэг хэллэг бол бүдүүлэг хар яриа шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-08 124.158.97.236

Түлхүүр тоглогч гэж бичиж тэнэгтэхээ больсон бололтой, яамай даа. Түлхүүр байх даа яахав дээ. Гол тоглогч, ….

Avatar

Зочин 2020-12-08 202.21.109.48

Азиудын нэрийг солонгосууд л дэлхийд тахлах юм даа.

Avatar

Зочин 2020-12-08 66.181.177.23

УРАМТАЙ

Avatar

Азийн ганцдаа амжилт хүсье 2020-12-08 192.82.76.89

Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж