УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын дарга болсноор түүний тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны 28-р тойрогт нөхөн сонгууль болно гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд зааснаар тухайн гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор товлон зарлах зохицуулалттай.
УИХ–ЫН СОНГУУЛЬ:
- 9.9.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.
НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ:
- 10.6.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагын зардлыг Улсын Их Хурал тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.
- 10.7.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.6-д заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
77 ДУГААР ЗҮЙЛ.НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ
- 77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
- 77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
- 77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
- 77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
НӨХӨН СОНГУУЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТОВЛОНО
УИХ арванхоёрдугаар сарын 2-нд 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг хэлэлцэх байсан ч эрх баригчид долоо хоногийн завсарлага авсан. Завсарлага авсан шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардлын тооцоог бэлтгэх ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас нэг долоо хоногоор хойшлуулж өгнө үү гэдэг горимын санал гаргаж байна” гэдгээ тодотгосон. Өөрөөр хэлбэл, эрх баригчид 28-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой намын удирдлага болон тодорхой түвшинд зөвшилцөлд хүрээгүй учраас ийн завсарлага авсан гэсэн үг. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох бөгөөд нөхөн сонгууль товлон зарлах хугацаа ч арванхоёрдугаар сарын 13-ны өдөр дуусгавар болно. Тиймээс энэ одоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй.
28-Р ТОЙРОГТ ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮД ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БУЙ
Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ цагт 28-р тойргийн нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах болов уу. Нөхцөл байдлын хувьд ч нөхөн сонгууль зохион байгуулалт, зардлын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах нь хамгийн боломжит хувилбар. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай Сонгинохайрхан дүүргээс гадна Сэлэнгэ аймагт ч мөн нөхөн сонгууль болно гэсэн тооцоо бий. Учир нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат одоо шоронд байгаа. Тэрбээр хоригдож байгаад сонгогдсон анхны УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ улс төрийн хүрээнд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулна гэх яриа гарах болсон нь учиртай.
Эрх баригчдын хувьд нөхөн сонгуульд ялалт байгуулах сонирхол байгаа ч гуравдагч хүчнүүдэд тэднээс илүү сонирхол байгаа. УИХ-д нэг суудалтай МАХН дахин нэг суудалтай болохыг хүсч байгаа бол ХҮН-ын хувьд ч хүний тоогоо нэмэх өндөр сонирхолтой. Бүлэг байгуулах хэмжээний л гишүүдтэй Ардчилсан нам ч ялалт байгуулах хүсэл өндөр. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална.
Сануулахад, 2020 оны сонгуулиар 28-р тойргоос УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нарын гишүүд сонгогдсон. Харин Ардчилсан намаас Г.Очирбат, М.Тулга, О.Магнай нар өрсөлдөж байсан. Түүнээс гадна МАХН-аас тус намын даргын хүү Э.Батшугар нэр дэвшсэн бол МАН-аас хөөгдсөн С.Мөнхчулуун бие дааж өрсөлдөж байсан юм.
Ш.ЧИМЭГ