"Рио Тинто"-гийн хуучин удирдлагуудыг 2022 онд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

COVID-19

"Рио Тинто"-гийн хуучин удирдлагуудыг 2022 онд шүүнэ

"Рио Тинто"-гийн хуучин удирдлагуудыг 2022 онд шүүнэ

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Рио Тинто”-гийн хуучин удирдлагууд болох Том Албанез, Гай Эллиотт нарт холбогдох хэргийн шүүх хурал 2022 оныг хүртэл хойшилжээ.

Австрали улс ойрын саруудад цар тахлын эсрэг вакцинжуулалтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд тэднийг Сиднейд очиж мэдүүлэг өгөхөөсөө өмнө Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх ёстой хэмээн Холбооны шүүх үзжээ.

Тус шүүх АНУ-д халдварын түвшин өндөр байгааг харгалзан үзэж, Албанез, Эллиотт нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2021 оны гуравдугаар сард товлоод байснаа ийнхүү сунгахаар болсон аж.

Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо “Rio Tinto”-ийн гүйцэтгэх захирал асан Том Албанез, Санхүү хариуцсан захирал асан Эллиотт нарыг тус компанийн Мозамбик дэх уурхайн үнэлгээг зөрүүтэй гаргаж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэрэгт буруутгаж буй юм. Гэвч “Рио Тинто”-гийн хуучин удирдлагууд өөрсдийгөө буруугүй хэмээн хамгаалсаар байгаа аж.

“Рио Тинто” компани 2011 онд Мозамбикт нүүрсний төслүүдийг 3.7 тэрбум ам.доллароор худалдаж авсан бөгөөд гурван жилийн дараа ердөө 50 сая ам.доллароор худалдсан байна.

Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо “Рио Тинто” компанийг 2011 оны жилийн тайландаа нөөцийн үнийг буруу мэдээлсэн гэж үзжээ. Улмаар тэдэнд торгууль оноож, Австралийн компанид ажиллах эрхийг нь хасуулахыг хүсч байгаа аж.

Албанез, Эллиотт нарын өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг тус хороо эсэргүүцэж, тэднийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилжээ.

Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өдгөө 63 настай Том Албанез Австрали руу нисч, шүүх хуралдаанд оролцох нь вирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй тул гуравдугаар сард товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй хэмээн өмгөөлөгч нар нь үзэж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Өмгөөлөгч хүсэлтдээ, олон улсын нислэгээр нисэх нь түүний насны хүний эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй тул үр дүнтэй вакцин хийлгээгүй тохиолдолд шүүх хуралд оролцох боломжгүй гэж дурджээ. Шүүгч Дэвид Йейтс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг нь зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн аж.

Ноён Эллиоттын хувьд ч мөн Австрали руу нисэхэд вирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: THE SYDNEY MORNING HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж