Өнгөрсөн сард Ютагийн зэлүүд цөлд аргаль тоолж явсан нисгэгч нэгэн хачирхалтай биет илрүүлсэн нь цахим орчинд шуугиан тарьж, олон хүний анхаарлыг татсан билээ. Гэвч удалгүй тус нууцлаг металл хөшөө ор сураггүй алга болж, Румын улсын хөдөө нутагт ижил биет гарч ирсэн юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа металл хөшөө дахиад л алга болж, Калифорнийн уулын орой дээр гарч ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Жошуа Три үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин нэг хөшөө гарч иржээ. Хүмүүс тэрхүү металл хөшөөг чухам ямар зориулалттай, юу болох, яагаад алга болж, өөр газарт гарч ирээд байгаа учрыг гайхан сонирхоцгоож байгаа билээ.
Гэтэл Нью Мехико дахь уран бүтээлчдийн нэгдэл энэ бүхний ард байснаа илчилжээ. Тус уран бүтээлчдийн нэгдлийг хүмүүс “Most Famous Artist” хэмээх нэрээр нь мэддэг гэнэ. Тэд нууцлаг хөшөөнүүдийн тухай сүүлийн хэдэн өдрийн турш инстаграм дээр мэдээлэл бичиж хүмүүсийн сонирхлыг татсаар өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-нд өөрсдийгөө илчилжээ.
Тэгэхдээ уран бүтээлчид анх Юта мужаас олдсон хөшөөний зургийг 45 мянган ам.доллараар зарна гэх зар нийтэлсэн байна. Түүнийх нь доор нэгэн хэрэглэгч “Энэ бүхний ард та нар байсан юм уу?” хэмээн асуухад хариуд нь нэгдэл “Та нар гэж хэлэхдээ бидний тухай асуусан бол тийм ээ, энэ бүхний ард бид байсан юм” хэмээн хариулсан аж.
Нэгдлийг үндэслэсэн Мэтти Могийн хэлснээр тэдний хэсэг уран бүтээлчид дээрх аргаар нууцлаг зүйл хийж, анхаарал татах тал дээр туршлагатай гэнэ. Тэрбээр “Би хөшөө байрлуулах зөвшөөрөл, хууль журмаас шалтгаалан тийм ч их зүйл хэлж чадахгүй. Миний хэлж чадах зүйл бол манай бүлгийнхэн ийм зүйл хийхдээ сайн. Энэ удаад бид дээрх металл хөшөөнүүдээр анхаарал татлаа. Би өөр зураг үзүүлж чадахгүй ч цаашид дахиад олон хөшөөг энд тэнд байрлуулах болно гэдгээ амлаж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD