Төмөр хүлэг худалдан авах төсвийг царцаая

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Төмөр хүлэг худалдан авах төсвийг царцаая

Төмөр хүлэг худалдан авах төсвийг царцаая

Аймгийн Засаг дарга нар тамгаа гардан, ажилдаа орсноор албаны автомашинаа шинэчилж унах яриа өдөөх болов. Засаг даргад өрсөлдөх болохоороо “Илжиг унаад ч болов ажлаа амжуулна” гэх амлалт өгсөн хэрнээ албан тушаалд очихоороо шинэ машин авч унахгүй л бол ажил урагшлахгүй тухай ярих.

Covid-19 цар тахлын нөлөөгөөр экспорт буурч, аж ахуй нэгжүүд тэг зогсолт хийн, төсвийн орлого нь хэдэн их наядаар тасрах аюул нүүрлэсэн ч аймгийн удирдлагуудад хамаагүй бололтой. Хурдан шинэ он гарч, шинэ машин худалдан авах төсөвтэй залгахын хүслэн болцгоож байна. Удахгүй араас нь төрийн өмчит компанийн захирлууд автомашинаа шинэчлэхээр дугаарлах биз.

Уг нь хот дотор л гол төлөв холхидог дарга нарт шатахуун ихээр “иддэг” жип машины хэрэг байхгүй ч төрийн өмчит компанийн захирлууд нь аймгийн Засаг дарга нарын зиндаанаас доош орохгүй гэж томорцгоогоод жижиг тэрэг унадаггүй. Тэр нь ч хувьд нь унацтай тусдаг шиг байгаа юм. Учир юу вэ гэвэл төсвөөс 200 сая төгрөг зарцуулж худалдан авсан автомашиныг хоёр жил унасныхаа дараа тавхан сая төгрөгөөр хувьдаа авсан явдал гарсан тухай саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндөж байв.   Автомашины зах дээр “Prius-10” ч ийм үнээр зарагддаггүй. Гэтэл төсвийн мөнгө уйлах биш гэсэн шиг төрийн өмчит компанийн захирал 200 сая төгрөгийн үнэтэй автомашиныг хэд дахин ханшийг нь унагаж 5 сая төгрөгөөр хувьдаа авсан.

Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын ерөнхий газрын хяналт, шалгалтын хаагуур нь сугараад гарчихдаг юм, түмний хөрөнгөөр төрийн өмчит компанийн захирал нь “тоглож” суухад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ч юу хийж суудаг юм, бүр нэг удирдлагагүй, хяналтгүй болчихсон.

УИХ-аар жил бүр ирэх оны төсөв хэлэлцэх бүрийд эдийн засагчид автомашины парк шинэчлэлт зэрэг асуудлыг эргэн харж, үр ашиггүй зардлыг бууруулах шаардлагатайг зөвлөж, цөөнхийн бүлэг нь асуудал хөнддөг ч Сангийн сайд нь гэдийж, УИХ-дахь олонхийн бүлгийн гишүүд нь төсвөө хамгаалдагаас хурган дарга нарын энэ мэт “тансаг” хэрэглээг хумих аргагүй болсон жишээ цөөнгүй бий.

Жишээ татвал, 2018 онд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар  авто машины парк шинэчлэлд 350 сая төгрөг суулгаж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 320 сая төгрөгийн үнэтэй жип машин худалдан авч, нийслэл дотор давхиж байв. Үнэндээ бол экс сайд орон нутагт ажилладаггүй, хамгийн холдоо Дотоод хэргийн их сургууль, гэртээ хүрэх бол Нүхт рүү л явдаг нэгэн.

Гэвч тэрбээр “Аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарах ёстой гэдэг юмыг тусгай албад хэлээд байгаа юм” гэж Lexus-570 авч унасан шалтгаанаа тайлбарлаж байв.

Бас болоогүй, “Манай яам бүх албан газартаа аудитын шалгалт хийсэн. Аудитын шалгалтаар үргүй зардал гаргасан ажил илрээгүй” гэж татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин худалдан авч унасан нь шалгалтаар ч торолгүй гарсан тухай ярьсан удаатай.

Нөгөө талдаа төрийнхний албаны, төслийн шугамаар хэрэгжүүлдэг автомашины худалдаа мөнгө  тонших арга нь болсон юм биш байгаа гэх харыг дагуулах болоод удаж буй.

Тухайлбал, нийслэлээс өнгөрсөн намар сургуулийн сурагчдад зориулсан 52 суудалтай “Донфен” үйлдвэрийн дизель хөдөлгүүртэй автобус нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллараар нийлүүлэгдсэн гэдгийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч асан Б.Отгонсүх мэдээлсэн бол Хятадын “Алибаба” онлайн худалдааны сайтад уг автобус нь 43-45 мянган ам.долларын үнэтэй байсан нь асуудал дагуулж, үнийн зөрүү болох 85 мянган ам.долларын зөрүү хаачив гэх эрэлд гаргасан.

Эцэстээ таван автобусны 425 мянган ам.долларын зөрүүний учир олдоогүй. Тендерт ялсан компани нь “Бидний оруулж ирсэн сургуулийн автобус нь С зэрэглэлийх бол зураг дээрх харьцуулсан автобус нь B зэрэглэл юм” гэж тайлбарлаж байв.

Жил бүр байгаль орчны байцаагч нарыг унаажуулах, цагдаа нарыг унаажуулах гээд Сүхбаатарын талбайд 40, 50-иар нь автомашин эгнүүлж байгаад гардуулдаг.

Хэчнээн төгрөгөөр худалдан авсан, үнэ нь зах зээлд худалдаалагдаж байгаа ижил төрлийн автомашинтай ойролцоо тусч байгаа юу гэдэгт хяналт тавьдаг газар цөөн.

Мөн хэдэн жилийн дараа парк шинэчлэлт хийж байгаа вэ гэдэг мэдээлэл нь ч бүрхэг.

Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барих нэрийн дор хэт өндөр үнэтэй автомашин худалдан авсныг төслийн нэгжийн захирал нь хувьдаа ашиглаж байна гэхчлэн дуулиан дэгдсэн ч тэгсгээд намжсан.

Аж ахуй нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлье гэхээр “Мөнгө байхгүй, улсын төсөв өөрөө Covid-19 цар тахалд нэрвэгдсэн” гэх зовлонг Сангийн сайд нь тоочих хэрнээ татвар төлөгчдийн мөнгө энэ мэтчлэн үр ашиггүй зардалд “урсаж” байгаад анхаарал хандуулдаггүй нь сонин.

Одоо Засаг дарга нарын автомашинаа шинэчлэх шуналд нь хяналт тавъя, төрийн өмчит компанийн захирлуудын мөн дураараа дургидаг асуудлыг хууль хяналтынхан нь шалгаж, хохирлыг нь буцаан барагдуулъя.

Ер нь төрд албаны машин унадаг олон хүн бий. Хэдэн мянгаар яригдах биз.

Автомашиныг зөвхөн албаны хэрэгцээнд ашигладаггүй, хувийн хэрэгцээндээ давхар ашигладаг.

Цар тахал дэгдсэнээс нийтээрээ бүсээ чангалахаас аргагүй болж буй нөхцөлд автомашиных нь тос, шатахуун тослох материалынх нь нормыг багасгасан ч буруудахгүй л болов уу. Төрийн өмчит компани нь ашиггүй ажиллаж, өр зээл тавин төсөвт дараа болох хэрнээ захирал нь том машин унаж давхих нь туйлдсан дээр улам л туйлдуулна.

Цаашдаа эдийн засаг хүндэрвэл төр өөрт байгаа хэдэн мянган автомашиндаа үнэлгээ тогтоогоод зарвал овоо л хэдэн тэрбум төгрөг цугларч, нэмэр болох байх. Ямартай ч эхний ээлжинд шинээр автомашин худалдан авахыг нь хязгаарлах шаардлага байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж