Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 20 гаруй хонож буй. Хөл хорионы хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 18 салбарын ажилтан, алба хаагчид QR код бүхий зөвшөөрлөөр авто замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Харин бусад нь хөл хорионы дэглэмийг цуцлах хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй юм. Гэвч иргэд хуурамч QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцох зөрчил гаргах болжээ. Энэ асуудлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын замын хөдөлгөөн зохицуулах багийн гишүүн Д.Чинзоригоос тодрууллаа.
-Хөл хорионы үед иргэд хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил хэр их гарч байна вэ. Ийм зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үйл ажиллагааг нь хориглоогүй 18 салбарын алба хаагчид автомашины тусгай зөвшөөрөл болох QR кодоор замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Эдгээр салбарын алба хаагчид хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй болов уу. Гэтэл иргэдийн зүгээс эдгээр салбарын алба хаагчидтай барьцах, хуурамч QR код ашиглан, хөдөлгөөнд оролцохыг завдах зэрэг зөрчил гаргаж байна.
Тухайлбал, бусдын QR кодыг хуулбарлаж өөрийнхөө автомашины дугаар дээр наах зөрчил маш их байна. Мөн өөр автомашины кодыг хуулбарлан фотошопоор засч, байгууллагын чиг үүрэг, автомашины дугаарыг өөрчлөх зөрчил бүртгэгдсэн. Хяналт шалгалтаар, тухайн автомашины QR кодыг уншуулахад өөр автомашины дугаар бүртгэлтэй байх тохиолдол цөөнгүй.
Ийм төрлийн зөрчил нь бусдын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжтэй тул Эрүүгийн тухай хуулийн 23.2-т зааснаар хэрэг үүсгэх нөхцөл үүсч байгаа юм. Тиймээс иргэд санамсар болгоомжгүй үйлдэл, жижигхэн алдаанаасаа болж шүүхээр баривчлуулахыг үгүйсгэхгүй. Хөл хорионы дэглэм дуусахад цөөн өдөр үлдсэн энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе.
-Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа нь хуурамч QR кодоор замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юу. Одоогоор хэчнээн автомашинд QR код тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
-Бусдын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх буюу тусгай зөвшөөрөлтэй автомашины QR кодыг хуулбарлан фотошопоор засварлаж, хөдөлгөөнд оролцсон зөрчил Чингэлтэй дүүрэгт хамгийн их гарсан. Тус дүүрэгт ийм зөрчил 6 бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгээд байна.
1278-УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан, 9129-АРА болгож, замын хөдөлгөөнд оролцох зөрчил маш их. Өнгөрсөн хугацаанд ийм зөрчил 400 орчим бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, QR кодтой төстэй харагдах байдлаар хэвлэж, замын хөдөлгөөнд оролцож, хүндрэл учруулж байна гэсэн үг. Ер нь бусдын QR кодыг хуулбарлах буюу фотошопоор засах, бусдын тусгай зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл гарч байна. Гэхдээ хөл хорионы үед 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл QR кодоор замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй. Ердийн үед нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байсан. Үүний 8-9 хувь нь тусгай зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож байна.
-Хүндэтгэх шалтгаантай болон эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай иргэд QR код авах шаардлагатай юу?
-Үйл ажиллагааг нь хориглоогүй 18 чиг үүргийн байгуулагад оршуулга багтсан. Харин эмнэлгийн яаралтай тусламж авах иргэд QR код авах шаардлагагүй замын хөдөлгөөнд оролцоно. Тухайн эмнэлгийн бичгээ замын цагдаад хянуулна. Ингэхдээ зөвхөн гэр-эмнэлэг болон эмнэлэг-гэр чиглэлд замын хөдөлгөөнд оролцох боломжтой, бусад чиглэлд хязгаартай.
Иргэд автомашины тусгай зөвшөөрөл QR кодыг албан хэрэгцээндээ зориулж ашиглах ёстой. Гэтэл энэхүү зөвшөөрлийг урвуулж өдрийн цагаар ажлаа хийж, оройн цагаар халтуур хийх, бусдын бараа бүтээгдэхүүнийг мөнгөөр хүргэлт хийх хувийн хэрэгцээндээ ашигласан зөрчил гарч байна. Мөн бусдын тусгай зөвшөөрөлтэй автомашинаар оройн цагаар такси үйлчилгээнд явсан зөрчил их гарч байна.
Хэрэв ийм зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагын бүх автомашины тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ тооцохыг сануулъя.
-Автомашины тусгай зөвшөөрөл QR код авахаар өдөрт хэчнээн иргэн хүсэлт гаргаж байна вэ. Мөн тусгай зөвшөөрөл авахад анхаарах зүйл бий юу?
-Арваннэгдүгээр сарын 30-аас хойш 10 гаруй мянган тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгоод байна. Хамгийн сүүлд үйл ажиллагаа нь нэмэгдсэн таван чиг үүргийн байгууллага автомашины тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ харьяа дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабт өгнө. Өмнөх 13 чиг үүргийн байгууллагын зөвшөөрлийг хариуцсан салбар нь олгоно. Автомашины тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэдийн тоо харилцан адилгүй. Ерөнхийдөө долоо хоногийн сүүлчээр дунджаар гурван мянган иргэн QR код авах хүсэлт гаргадаг. Энэ тоо долоо хоногийн эхээр өсч 5000-д хүрэх тохиолдол ч цөөнгүй. Харин иргэдийн тухайд автомашины тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ и-мэйл хаягаар илгээхдээ анхаарал болгоомжгүй алдаа гаргаж, зөвшөөрөл нь удаж гарах тохиолдол гарч байна. Автомашиныхаа серийг буруу бичих, имэйл хаягаа буруу бичих зэрэг алдаа гарч байгаа тул журмын дагуу материалаа бүрдүүлбэл тусгай зөвшөөрөл тухайн өдөртөө л гарах боломжтой.
Б.ЦЭЦЭГ