А.Амбасэлмаа: 38 хүнээс Covid-19 халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

COVID-19

А.Амбасэлмаа: 38 хүнээс Covid-19 халдвар илэрлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, December 6, 2020

“Тусгаарласан зургаан гэр бүлийн гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсэн”

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.12.07) Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн Ням гаригт (2020.12.06)-т нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс Covid-19 илэрлээ. Улаанбаатарт 32 тохиолдол байгаагаас гурав нь Цэргийн төв эмнэлгээс бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн өвчилсөн.

Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, 203 болсон. Замын-Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдэж, 31 болсон бол Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, 25 тохиолдол болсон.

Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 887 бүртгэгдээд байна. Үүний  439 тохиолдол нь дотоодод батлагджээ. Эдгэрсэн 384, сувиллын ажиглалт 49, тандалтын хугацаа дууссан 322, гэрийн ажиглалтад 13 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 494 хүн эмчлүүлж буй юм. Биеийн байдал маш хүн хоёр, хүнд тав, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 273 хүн байгаа. Үүнээс хүнд хүн нэг байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 213 хүнээс өнөөдрийн байдлаар хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд маш хүнд байсан нэг хүний биеийн байдал сайжирч байгаа. Сэлэнгэ аймагт найман хүн хөнгөн өвчилж, эмчлэгдэж байна. Насны хувьд гурван сартайгаас эхлэн 91 настай хүн эмчлэгдэж байна. Эмэгтэй хүн 212 хүн байгаа бол бусад нь эрэгтэй хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Улаанбаатарт Сovid-19-ийн нийт батлагдсан 128 тохиолдлыг дүүргээр нь задалбал:

  • Сонгинохайрхан дүүрэг-18
  • Сүхбаатар дүүрэг-26
  • Баянгол дүүрэг-32
  • Баянзүрх дүүрэг-25
  • Чингэлтэй дүүрэг-8
  • Хан-Уул дүүрэг -18
  • Багануур дүүрэг-2 тохиолдол тус тус бүртгэгджээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт 38 тохиолдол батлагдаж, өмнөх өдрөөс 31 тохиолдлоор илүү байна. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд нийт 328.192 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн. Энэ цэгүүдэд 2500 гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна.

ЗӨСҮТ-ын явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 366 хүнд шинжилгээ хийхэд, вирус илрээгүй. Тусгай дугаарын дөрвөн утсанд 15.262 хүн хандаж, зөвлөгөө авсан. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэхдээ ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийж, эцсийн буудал дээрээ 15-20 минут цонхоо нээж, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Мөн ариутгалын бодисоор бүх суудал, хаалганы бариулыг арчиж цэвэрлэх шаардлагатай. Зорчигч нэг суудал алгасаж суухаас гадна нэг автобусанд 15-аас дээш хүн суулгахгүй байхыг зөвлөе.

“Эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гарсан”

Ээлжит мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагчийн нөөцийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д шуурхай хариу арга хэмжээний 10 баг ажиллаж байсан. Үүнээс зургаан баг нь халдварын голомтод ажиллаж байсан. Манай багийн зургаан халдвар судлаач эмч, ариутгагч, шинжилгээ авдаг лаборант нар тусгаарлагдсан. Бид хүний нөөцөөсөө талбарын тархвар судлаач мэргэжлээр төгсөгч болон хувийн байгууллагад ажиллаж байгаа эмч нараас баг бүрдүүлж байна.  Шуурхай хариу арга хэмжээний 15 багийн ард халдварын тархвар судлалын хөтөлбөрийг төгссөн 30 гаруй мэргэжилтнийг хуваарийн дагуу бэлдсэн. Хүний нөөцийн хувьд хариу арга хэмжээний багууд ажиллаж байгаа. Гаднаас сорьц авч ирж өгөх, хоёрдогч хавьтагч нартай тогтоох ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмч, сувилагч нар хариуцан ажиллаж байна.

-Орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн ч PCR-ын хариу гарахгүй байна гэж иргэд хандаж байна. Энэ асуудалд тайлбар мэдээлэл өгөөч?

Д.Нарангэрэл: Иргэдийн шинжилгээний хариу 24 цагийн хугацаанд гарч байгаа. Магадгүй www.119.mn вэб сайт ажиллахгүй байсантай холбоотойгоор зарим хүндрэлүүд гарч байсан. Өчигдрөөс эхлэн 119.mn сайт хэвийн ажиллаж байна. Сайт гацсантай холбоотой иргэдэд чирэгдэл учруулсан зүйл байгаа. Тухай бүрт нь асуудлуудыг шийдээд явж байна. Иргэдийн шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй. Маргаашийн хуралд энэ чиглэлийн мэргэжилтнээс мэдээлэл авч болно.

-Эрсдлийн дараагийн үнэлгээ хэзээ гарах вэ?

А.Амбасэлмаа: Эрсдлийн үнэлгээг найман байгууллагын 20 гаруй мэргэжилтэн орсон судалгааг өчигдөр хийсэн. Уг үнэлгээгээр “Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэж гарсан. Бид өнөөдөр санал, зөвлөмжөө Улсын онцгой комисст хүргүүлнэ.

-Архангай аймгийн голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар зориулалтын хувцас өмсөөгүй байсан. Тусгай хувцас хэрэглэл хүрэлцээтэй байгаа юу?

А.Амбасэлмаа: Архангай аймагт тусгай хувцас хэрэгсэл хангалттай байгаа. Бид тийм зураг олж хараагүй. Тус аймгаас тийм хүсэлт тавиагүй. ХӨСҮТ-өөс Архангай аймагт мэргэжилтнүүд очиж ажиллаж байгаа.

Covid-19-ийн халдвар авсан 38 хүнийг тусгаарласан байсан уу?

-Улаанбаатар хотод бүртгэгдсэн 32 тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Гурван хүн нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсээс вирус илэрсэн. Эдгээр нь зургаан гэр бүлийн хүмүүсээс гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсэн. Эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан. Бүгд гурван зочид буудалд тусгаарлагдсан байсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж