Улсын онцгой комиссын саналын дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилж, нийслэлд хатуу болон халдвар бүртгэгдсэн зургаан аймагт хатуу хөл хорио тогтоогоод буй. Үндсэндээ хатуу хөл хорионоос үүдэж олон үйл ажиллагаа хаалгаа хаасан, зөвхөн хүнс, эмийн сангийн үйл ажиллагаа нээлттэй, Гамшгийн тухай хуулиар 18 байгууллагын үйл ажиллагаа нээлттэй байгаа. Дэлхийн улс орнууд ч халдвар гарсан үед хатуу хөл хорио тогтоож, олон үйл ажиллагааг хааж байгаа.
Үүнтэй холбоотойгоор эдийн засагт олон сөрөг үр дагавар үүсч эхэлсэн. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар хатуу хөл хориог сунгавал 450 мянга гаруй ажлын байр үгүй болно гэдгийг тодотгоод буй. Улсын онцгой комиссоос хөл хориог сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бол Нийслэлийн Онцгой комисс ч зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх тооцооллыг гаргаж эхэлжээ. Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хориог үе шаттай нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 11-нд дуусгавар болох хөл хориог сунгаж, ингэхдээ зарим үйл ажиллагааг нээх юм байна. Хэрэв хатуу хөл хориог нэгэн зэрэг цуцалбал эдийн засгийн хувьд ч халдвар тархалт ч нэмэгдэх өндөр эрсдэлтэй гэдгийг ДЭМБ болон эрдэмтэн, судлаачид хэлжээ.
Тиймээс хөл хориог зөөлрүүлэхдээ эхлээд тодорхой үйл ажиллагааг нээх, цаашлаад халдварын тархалтаас хамаарч зарим үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа аж. Нийслэлийн онцгой комиссын зүгээс ч тодорхой судалгаан дээр үндэслэн санал боловсруулж, арванхоёрдугаар сарын 7-нд Улсын онцгой комисст саналаа хүргүүлэхээр судалж байгаа гэнэ.
НОК-оос өмнө нь кафе, хүнсний зах, худалдааны төв, үсчин, гутал захиалга, засвар, дугуй засвар, автомашины засвар, кофе шоп зэрэг 20 байгууллагын үйл ажиллагааг нээх санал гаргаж байсан юм. Гэвч Улаанбаатарт болон бусад зургаан аймагт халдварын тоо нэмэгдсэн учраас эдгээр байгууллагын үйл ажиллагааг нээх саналыг Улсын онцгой комисс, Засгийн газар дэмжээгүй юм.
ХОРИОГ ҮЕ ШАТТАЙ СУЛРУУЛБАЛ, ХАМГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ НЬ ИРГЭД!
Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо, тархалт дээр үндэслэн Улсын онцгой комисс шийдвэрээ гаргана. Ямар байгууллагуудыг эхний ээлжинд нээх, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих гээд тооцоолоо гаргана. Гэхдээ энэ бүхнээс илүү иргэд, аж ахуй нэгжүүд хувийн болон байгууллагын халдвар хамгааллыг маш сайн сахих нь хамгаас чухал. Хамгийн эхэнд амны хаалтаа зүүх, иргэд хоорондын зай барих, ариутгалын бодис байрлуулах гээд олон бэлтгэлээ хангаж, халдвараас сэргийлэх ёстой. Энэ бүхэн заавал төрийн ямар нэг хатуу шийдвэрээр бус дэлхий нийтээрээ “сөхөрч” байгаа халдварын үед иргэн, хувь хүний зайлшгүй хийх эхний алхам.
Дэлхийн олон оронд иргэд нь амны хаалтаа маш сайн зүүж, хүн хоорондын зайгаа барьж, аж ахуй нэгжүүд нь алхам тутамд ариутгалын бодис суурилуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, үндсэндээ Сovid-19-тэй “зэрэгцэн” амьдарч эхлээд байна.
Ингэхдээ халдварын тархалтыг барьж, тогтоосны дараа хөл хориогоо сулруулах тактик ашиглаж байна. Иргэд нь ч үүнд дасан зохицож эхэлсэн. Энэ нь өөрөө нийгэм, эдийн засагт нь эерэг өөрчлөлт дагуулж, ажлын байр хадгалах, эдийн засаг эргэлтэд орж, иргэдийн орлого нэмэгдэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Хамгийн гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгах, ухамсартай байх нь одоо бидэнд юу юунаас илүү чухал байна.
Улсын онцгой комисс, Засгийн газар ойрын хугацаанд хатуу хөл хорио сунгах эсэхийг хэлэлцэнэ. Ингэхдээ олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, халдварын бодит нөхцөлд тулгуурлана гэдгээ онцолж буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ