Орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 5-нд 12:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр Шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэй амиа алдсан байна. Уг хэргийг шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага бүртгэгдсэнээс нэг хүний амь хохирч, нэг хүн гэмтжээ. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна. Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар, нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолооч, орон нутагт найман жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулав.
Б.ЦЭЦЭГ