Дэлхийн улсууд шинэ оноо хэрхэн угтах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн улсууд шинэ оноо хэрхэн угтах вэ?

Дэлхийн улсууд шинэ оноо хэрхэн угтах вэ?

Covid-19 цар тахлын улмаас дэлхий нийт энэ жил шинэ оноо арай өөр байдлаар угтан авах болж байна. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт баярын уур амьсгал орж, хүмүүс ч аль болох өөрсдийгөө хөгжөөж ямар нэг аргаар шинэ жил, зул сарын баяраа тэмдэглэхээр зэхэж байна. Гэхдээ цар тахал хүн төрөлхтөнд урьдынх шигээ өргөн хэмжээнд баяраа тэмдэглэх боломж олгохгүй л болов уу.

Хонгконгод Covid-19 халдварын дөрөв дэх давалгаа эхэлсэн ч худалдааны төвүүд зул сарын баярын гэрэлтүүлэг, чимэглэлээ засчээ. Хятадад томоохон хотуудад баярын арга хэмжээ ердийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Зул сарын баяраар Шанхай хотод уламжлал болсон гудамжинд дэрээр байлдах хөгжөөнт тэмцээн, "Амар амгалангийн үдэш" сэдэвт сонгодог бүтээлүүдийн тоглолт зэргийг үзэх боломжтой.

“Riviera Events” агентлагийн ажилтан Стефан де Монтгрос "Хятадад цар тахлын тархалтыг хязгаарлаж, амьдрал хэвийн байдалдаа орсонд бид маш их баяртай байна” хэмээн ярьж байна.

Гэсэн хэдий ч Хятадын хил хаалттай хэвээр байгаа тул гадаадын иргэд гэр бүл, найз нөхөдтэйгээ зул сарын баяраа хамт тэмдэглэж чадахгүй. Харин тэд Хятад дахь дотнын найз нөхөдтэйгөө шинэ оны баярыг тэмдэглэх болж байна. Гэхдээ тус улсад Синицизийн шашныг сурталчлах кампанит ажил үргэлжилж байгаа тул барууны уламжлал болсон зул сарын баярыг тэмдэглэхийг хориглож байгаа юм.

Италид зул сарын үзэсгэлэн худалдаануудыг хориглож, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Шөнийн 22.00 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл хатуу хөл хориотой байгаа юм. Тус улсад гуравдугаар сараас хойш нэг өдөрт нас барах хүмүүсийн тоо хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа ба арванхоёрдугаар сарын 21-ээс нэгдүгээр сарын 6-ны хооронд хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Мөн зул сарын баяраар сүмд очиж мөргөл үйлдэхийг зөвшөөрч байгаа ч олон нийтийг хамарсан мөргөлийн үйл ажиллагааг хориглосон байна.

Европчуудын хувьд зул сарын баяраар цанын баазыг зорих нь түгээмэл байдаг. Гэвч Европын улс орнууд зул сарын үеэр цанын баазуудыг нээх, хаах тал дээр зөрчилдсөөр байна. Итали, Франц, Германы удирдагч нар цанын баазуудыг хаахыг уриалж байгаа ба хэрэв нээлттэй хэвээр үлдээвэл төлөөс нь хатуу байх болно гэж тэд үзэж байгаа юм. Харин аялал жуулчлалын салбарынхан үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Францын  нэгэн аялал жуулчлалын байгууллагын тэргүүн "Тэгэхээр Парисын метронд зорчиж буй 400 хүн халдвар авахгүй, харин цанын баазын лифтэнд байгаа дөрвөн хүн халдвар авах авна гэсэн үг үү?” хэмээн эрх баригчдаас асуужээ.

Австрид зул сарын үеэр хорио цээрийн дэглэмийг сулруулж, арванхоёрдугаар сарын 24-өөс эхлэн цанын баазуудыг нээх бол Швейцарийн амралтын газрууд аюулгүй байдлын арга хэмжээг авч, ажиллах болно гэдгийг эрх баригчид мэдэгдсэн. Австрийн хувьд өнөөдөр хөл хорионы дэглэм дуусч байгаа ба цаашид хөл хориог сулруулах төлөвтэй байна. Мөн тус улс нь зул сараас өмнө олон нийтийг хамарсан шинжилгээ хийхээр төлөвлөжээ.

Испанид одоогоор зургаа хүртэл хүний цугларалтыг зөвшөөрч байгаа бол зул сараар энэ тоог 10 болгохоор болжээ. Тус улсад жил бүр зул сарын дараа уламжлал болон зохион байгуулагддаг парадыг хориглохоор төлөвлөжээ.

Франц улсын хувьд хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулж, зул сарын баярын үеэр дэлгүүр, театр, кино театрууд дахин нээгдэж, баяраар иргэд ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр өөр хотуудад байгаа хамаатан саднууд дээрээ зочлох боломжтой гэж тус улсын Ерөнхийлөгч Макрон мэдэгджээ. Харин сургууль, цэцэрлэг, баар ресторан, цайны газрууд ирэх нэгдүгээр сарын 20-н хүртэл хаалттай хэвээр байх аж. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл хүнтэй шашны үйл ажиллагааг зөвшөөрч байгаа юм.

Германы Канцлер Ангела Меркель энэ сарын 10-н хүртэл хөл хорио үргэлжилнэ гэж мэдэгдсэн бөгөөд баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд хаалттай боловч сургууль, дэлгүүрүүд нээлттэй байна. Баяр наадмын өмнө хязгаарлалтыг чангатгаж, сургуулиудад амны хаалт зүүх журмыг чангатгаж, орон нутгаар аялахыг хориглох гэнэ. Хоёр өрхийн хамгийн ихдээ таван хүн нэг дор цугларахыг зөвшөөрч байгаа ба үүнд 14-өөс доош насны хүүхдийг тооцохгүйгээр заажээ. Харин зул сарын баяраар үүнийг бага зэрэг сулруулж 10 хүртэлх хүн нэг дор цугларахыг зөвшөөрөх юм байна.

АНУ-ын Нью Жерси мужид орших Маккартер театр нь зул сарын баярын уламжлалуудын нэг болсон Чарльз Диккенсийн сонгодог үлгэрийг гэрээсээ үзэх боломжийг олгож байна. Мөн Миннесота дахь “Америк молл” худалдааны төв  Санта Клаусыг шилэн хоргонд байрлуулж, олон нийтэд зай барих дүрмийг сануулсаар байна. Өвлийн өвгөний үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ч энэ жилийн баяраар арга барилаа өөрчилж, “Zoom” аппликейшнаар бяцхан үйлчлүүлэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлж, шуудангаар бэлгийг нь явуулахаар болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сovid-19  цар тахалтай тэмцэх ажлын албаны зөвлөх Мариа Ван Керховын зул сарын баяраар ямар нэг байдлаар олуулаа цугларах нь маш их эрсдэл дагуулахыг сануулж байна. "Энэ бол үнэхээр хэцүү. Хүн бүр л баяр ёслолын үеэр, ялангуяа төрсөн өдрийн баяр, зул сар, шинэ жилийн баяраар гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, хамт баяраа тэмдэглэхийг хүсдэг. Гэхдээ ийм цаг үед өөр өөрсдийн гэртээ байж, олуулаа цугларахгүй байх нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Энэ жил хамтдаа тэмдэглэж чадахгүй байсан ч цаашид илүү олон жил баяраа хамт тэмдэглэхийн тулд нэг удаа тэвчихийг уриалж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Эх сурвалж: BBC, SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж