Саяхан олон нийтийн сүлжээгээр XI ангийн эрүүл мэндийн хичээлээр үр хөндөх арга зааж буй талаарх шүүмжлэл өрнөсөн. Зарим эцэг эхчүүд “Үүний оронд үр хөндөхийн хор уршиг, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тухай теле хичээл заагаач ээ” гэдэг санал, гомдлыг хэлж байв. Энэ мэт сэдэв, агуулгаас гадна теле хичээл хуваарийн дагуу ордоггүй, нэг сэдвийг олон удаа давтдаг, хэт богино хугацаанд үр дүнгүй хичээл зааж байгаад эцэг эх, сурагчид сэтгэл дундуур байна.
Тавдугаар ангийн сурагч Б.Бадралмаа нэгдүгээр ангийн дүүтэй. Айлын том охин. Теле хичээлээ өөрөө бие дааж хийж, хааяа дүүгийнхээ хичээлийг давтуулдаг. Тэрбээр “Хөл хорионы өдрүүдэд теле хичээлээ тогтмол хийж байгаа. Ихэвчлэн өмнө нь орсон хичээлүүдийг заадаг. Шинэ сэдэв заагаагүй. Ангийн багш руугаа гэрийн даалгавраа фэйсбүүк чатаар явуулдаг. Миний хувьд теле хичээлээ хийж амждаг ч дүү маань дөнгөж нэгдүгээр анги учраас хараахан багштайгаа зэрэгцэж, хийж чаддаггүй” гэв.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч, цэцэрлэгийн 260 мянга гаруй хүүхэд гэрээсээ теле хичээлээ 18 сувгаар дамжуулан үзэж буй. Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, сургууль арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Хэдхэн хоногийн дараа сурагчид нэгдүгээр улирлын шалгалтаа өгч, амарна.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ теле хичээл хийж буй эсэхийг хянаж, гэрийн даалгаврын хийсэн зургийг нь дарж, багшид тэмдэглүүлнэ. Гэвч интернэтгүй, зурагтгүй айл ч бий. Ийм шалтгаантай нь даалгавраа багшдаа явуулж чадахгүй хүүхэд цөөнгүй.
Ангийн багш тэр бүрийд хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, хүүхэд болгонтой ярина. Сурагч Б.Бадралмаагийн ээж Л.Болормаа “Теле хичээлийг хэт богино хугацаанд зааж байна. Дунд, ахлах ангийнхан хичээлээ хийж амждаг бол бага ангийн сурагчдын хувьд хүндрэлтэй байна. Том охин маань өөрөө хичээлээ бие даан хийдэг. Харин нэгдүгээр ангид сурч буй хүүгийнхээ хичээлийг дахин интернэтээс давтан үзэж, хийлгэдэг” гэж ярилаа.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл өдөрт хоёр цагаар, хичээлийг 15-20 минутаар, 6-9 дүгээр ангийн хичээл нэг өдөрт гурван цагаар мөн адил 15-20 минутаар гарч байна. Харин 10-12 дугаар ангийн хичээл 20-25 минутаар гурван цагаар өдөр болгон хуваарийн дагуу телевизээр гарч байна.
Салбар яаманд теле хичээлтэй холбоотой маш олон санал, гомдол ирж байна. Үүнд, багш нар хичээлээ хурдан зааж байна, хүүхдүүдэд даалгавар өгөхгүй зэрэг асуудлаар ханддаг. Танхимаар нэг цагийн хичээл 40 минутаар ордог. Теле хичээл олон улсын жишиг, сурагчдын анхаарал төвлөрөх насны онцлогт тохируулан 10-25 минутад багтаан шинэ агуулга зааж байгаа” гэдгийг хэлж байв.
“Манай хүүхэд зургадугаар ангийн сурагч. Хөл хорионы үед теле хичээлийг хийж байгаа тохиолдолд арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл үзэж, судлах ёстой хичээлийн агуулга, сэдвийг заамаар байна. Гэтэл саяхан биологийн хичээл үзэж байхад хавар тавдугаар сард үзэх ёстой хичээлийг зааж байсан. Биологийн багшид нь хэлэхэд “Харин тийм байна. Дөрөвдүгээр улиралд заах ёстой хичээл өнөөдөр орчихлоо. Би бас гайхаад сууж байна” гэсэн. Тэгэхээр тел хичээлийн сэдэв хоорондын уялдааг сайжруулмаар байна” гэдгийг Д.Энхжаргал хэллээ.
Үүнээс гадна хөл хорионы үед сурагчид ганцаардлаас үүдэлтэй донтолтод автах, хичээлээ хангалттай сурахгүй байгаагаас түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле хичээлийн ачааллаас үүдэн стрессдэх зэрэг асуудлыг дагуулах болжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ