Сүмогийн дэвжээнээ монголчуудын үргэлжлэл тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Сүмогийн дэвжээнээ монголчуудын үргэлжлэл тасрахгүй

Сүмогийн дэвжээнээ монголчуудын үргэлжлэл тасрахгүй

Сүмо бөхийн 69 дэх удаагийн сонирхогчдын бүх Японы аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2020.12.06/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Японы биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Хидэтора Ханада түрүүлж, Киндай их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Рэйо Ямагакүчи удаалжээ.

36 жилийн дараа нэгдүгээр дамжааны оюутан сонирхогчдын бүх Японы аваргад түрүүлсэн тохиолдол болов.

Харин саяхан оюутны ёкозүна цол хүртсэн, Японы биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан П.Дэлгэрбаяр эхний тойрогтоо Хироаки Такэүчид ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн аж. Түүнээс гадна н.Чойжилсүрэн шөвгийн 16-д үлдсэн бол н.Далайбаатар шөвгийн наймд үлдсэн амжилт гаргажээ.

Энэхүү сонирхогчдын тэмцээний шөвгийн наймд шалгарсан бөхчүүд мэргэжлийн сүмогийн санданмэ зиндаанд барилдах эрхтэй болно.

П.Дэлгэрбаяр тэмцээний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө бүрэн дайчилж барилдсангүй. Учир нь бэлтгэл дээрээ зүүн шагайгаа гэмтээчихсэн. Хэдий боолт хийлгэсэн ч зовиуртай байлаа. Өчигдрийг хүртэл барилдах эсэхээ шийдэж чадахгүй хэцүү байлаа. Алхахад ч хүндрэлтэй байсан. Гэхдээ их сургуулийн Казүо Сайто багш маань ‘Чиний оюутан насны сүүлийн тэмцээн шүү дээ’ гэж хэлсэн учраас оролцохоор шийдсэн. Шагайныхаа бэртлийг түргэн эдгээгээд, сүмод амжилт гаргамаар байна” хэмээжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан бүх Японы оюутны сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд П.Дэлгэрбаяр түрүүлж, оюутны ёкозүна цол хүртсэн гурав дахь гадаад бөхөөр тодорсон билээ. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын хацү башёд макүшитагийн 15-д эрэмбэлэгдэж, мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийнэ.

П.Дэлгэрбаяраас өмнө түүний их сургуулийн ах Б.Төрболд 2016 онд бүх Японы оюутны аваргаар тодорч, анхны оюутны ёкозүна цол хүртсэн Монгол бөхөөр тодорсон билээ. Миторюү Төрболд өдгөө мэргэжлийн сүмогийн жүрёо зиндаанд барилдаж байгаа. Түүнээс гадна Т.Бөхчулуун хэмээх ахлах сургуулийн сурагч хүүг Японы хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр чөлөөт бөхийн бүх Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний -92 кг жинд алтан медаль хүртэж байсан юм. Багануур дүүргийн “Хөх эрчис” клубын дасгалжуулагч Х.Магвандорж, гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин нарын удирдлага дор бэлтгэл хийдэг байсан, чөлөөт бөх суурьтай Т.Бөхчулуун ирэх жилээс Японы биеийн тамирын дээд сургуульд сүмо бөхийн чиглэлээр суралцах болно. Түүнийг 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багшилж буй Р.Баяраа Чиба мужийн Кашива Ниттай ахлах сургуульд авчирч байсан юм.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Япондоо сүмо бөхийн чиглэлээр алдартай их дээд, ахлах сургуулиудад Монгол болон гадаад нэрс ихээр дуурсагдах болсон. Монгол бөхчүүдээс гадна Ерсин Балтагулов хэмээх Казакстан хүү энэ жилийн зүүн Японы оюутны сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж