Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өчигдөр /2020.12.06/ орой мэдээлэл хийлээ. Тус аймагт өчигдрийн байдлаар дөрвөн тохиолдол нэмж илэрч Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 201 болсон юм.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ:
Сүхбаатар өртөөний ажилчдад тархсан Covid-19 халдварыг аль болох хурдан хугацаанд хумих гэж хичээн ажиллаж байна. Ойрын хугацаанд эмнэлэг болон гэртээ тусгаарлагдаж байсан хүмүүсээс 2-3 дахь шинжилгээгээр халдвар илэрч байна.
Сүүлд нэмэгдсэн дөрвөн тохиолдол нь төмөр замын ажилчид байсан бөгөөд Сүхбаатар суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Эдгээр тохиолдлын гэр бүлийн хавьтлын 12, ойрын хавьтлын 35 иргэнийг тусгаарласан.
Сэлэнгэ аймагт батлагдаж байгаа тохиолдлуудаас харахад Covid-19 халдвар нь архаг хууч өвчтэй, өндөр настан болон биеийн дархлаа сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байна. Мөн идэр насныханд 2-3 дахь давтан шинжилгээгээр 10-20 хоногт халдвар илэрч байна.
Нийт батлагдсан 201 тохиолдлын 196 нь Сүхбаатар суманд, Мандал суманд 3, Алтанбулагт 2 байна. Үүнээс цэцэрлэгийн хүүхэд 10, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 38, өндөр настан 22, ажилгүй иргэд 25, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20, төмөр замын ажилчид 44, төрийн байгууллагын ажиллагсад 42 байна.
Нийт батлагдсан тохиолдлын 63 хувь нь гэр бүлийн хавьтлаас, 37 хувь нь үзлэг, оношлогоогоор илрүүлсэн. Халдвар илэрсэн 201 хүнээс биеийн байдал хөнгөн 193, хүндэвтэр 4, хүнд 4 байна.
Өнгөрсөн өдрүүдэд 33155 иргэнийг түргэвчилсэн оношлуураар үзсэн бол 10193 иргэнийг PCR шинжилгээнд хамрууллаа.
Э.БУРАМ