Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт 2020 оны арванхоёрдугаар сарын 5-нд Москва хотод эхэллээ. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, багш, төрийн албаны ажилтнуудыг хамруулах бөгөөд тэднийг Москва хотын захиргааны mos.ru сайтаар дамжуулан онлайнаар бүртгэсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Лхагва гаригт /2020.12.03/ Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковад бүх нийтийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн юм. Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр сая тун вакцин ойрын өдрүүдэд бэлэн болох юм.
Бүх нийтийн вакцинжуулалтыг Орос улс Москва хотоос эхэлж байгаа бөгөөд тэргүүн ээлжинд халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүс, халдварт өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамгийн түрүүнд хамруулна. Дараа нь боловсролын салбарын багш нар, мөн төрийн албаны ажилтнууд гэсэн дарааллаар вакцинжуулна. Цаашдаа бусад ажил үүргийн болон салбарын хүмүүс, мөн хүссэн иргэн болгоныг хамруулах юм.
Вакцинд хамрагдах хүн нь 18-60 насны, ямар нэг архаг хууч өвчингүй, Covid-19-ийн вакцины туршилтад оролцоогүй, мөн сүүлийн 30 хоногт томуугийн эсрэг вакцин тариулаагүй, Москва хотын аль нэг эмнэлэгт албан ёсны карттай байх ёстой. Жирэмсэн болон хүүхдээ хөхөөрөө хооллодог ээжүүд вакцинд хамрагдах хориотой.
Вакцинжуулалт хийх байр болон вакцинжуулалтын ажил хэвийн явагдах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэнийг Москва хотын Захирагч Сергей Собянин мэдэгдсэн. Тухайлбал, вакцин хадгалах хөргөөгчтэй агуулахууд, вакциныг зөөвөрлөх хөлдөөгч бүхий зориулалтын савуудыг бэлджээ. Мөн вакцинжуулалт хийх эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан байна.
Москва хот даяар вакцин хийлгэх 70 цэгийг бэлдсэний ихэнх нь поликлиникүүдэд төвлөрч байна. Вакциныг өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл хийх бөгөөд товыг хоёр долоо хоногийн өмнө тогтоох ажээ.
Covid-19-ийн вакцин нь хоёр шаттай хийгдэх бөгөөд эхний тунгаа хийлгэхдээ л онлайнаар бүртгэлд хамрагдах бөгөөд хоёр дахь товлол хийсэн өдрөөс хойш автоматаар системд бүртгэгдэнэ, өмнөх өдөр нь гар утас руу мессежээр сануулна.
Нэг хүнийг тарихад нэг цаг зарцуулна гэж тооцсон байна. Тариулахын өмнө эмч 10 минут орчим биеийн байдлын ерөнхий үзлэг хийнэ, дараа 15 минутад вакцинаа бэлдэн тариулна, тариулсны дараа 30 минут орчим хүлээлгийн өрөөнд хүлээх бөгөөд энэ хооронд ямар нэг сөрөг реакц үүсэх эсэхийг хянах юм.
Хоёр шатны тунгаа тариулсан иргэнд Covid-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсаныг нотлох бичиг өгнө. Вакцинд хамрагдагч биеийн байцаалт болон ажил үүргийг нь нотолсон баримт бичигтэй очих ёстой бөгөөд шаардлагатай гэж үзвэл биеийн байцаалт, ажлын чиг үүрэг үнэн эсэхийг холбогдох байгууллагаас нь тодруулах эрхтэй юм.
Холбоотой мэдээ