“Израиль вакцин хийлгэмээр байна”

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Израиль вакцин хийлгэмээр байна”

“Израиль вакцин хийлгэмээр байна”

Дотооддоо Covid-19-ийн халдвар алдаад нэг сар болох гэж байна. Анхлан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс тав хоногийн, залгуулаад 14 хоногийн хөл хорионы дэглэмийг улс даяар тогтоосон бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт дахин 10 хоногийн хатуу хөл хориотой байна.

Хязгаарлалтын дэглэм хэзээ цуцлагдахыг тэсч ядан хүлээсэн хүмүүс УОК, НОК болон ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг чих тавин сонсож сууна.

Өчигдрийн /2020.12.06/ байдлаар дотоодын халдварын тоо 466 хүрсэн бөгөөд хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь Сэлэнгэ аймаг-201, нийслэл Улаанбаатар-99 байна. Дотоодын эхний халдварын ойрын хавьтлуудаас эхний хүмүүс эдгэрсэн, Баасангаас Бямба гаригт Улаанбаатар хотод шинэ тохиолдол илрээгүй гэсэн сайн мэдээ байна. Мөн нэг тохиолдлын халдвар тархах хурд буурч байгааг ЭМЯ мэдээлж байна. Ид тархалтын үед Улаанбаатар хот дахь нэг халдвартай хүн дөрөв, Сэлэнгэ аймаг дахь нэг халдвартай хүн найман хүнийг халдварлуулж байсан бол энэ үзүүлэлт хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь нэг буюу түүнээс доош орох хандлагатай байгааг ЭМЯ мэдээллээ.

Эдгээр эерэг үзүүлэлтийг энэ долоо хоногт барьж чадвал хөл хорионы дэглэмийн зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ЭМЯ-ны судалгааны баг хийсэн байна.

Улаанбаатар хотын хувьд бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлийг сунгасан 10 хоногийн хугацаа энэ долоо хоногийн Баасан гаригийн өглөөний 06.00 цагт дуусгавар болох учиртай. Хэрвээ халдварын нөхцөл байдал одоо байгаагаас дордохгүй бол ирэх Баасан гаригаас дэглэм суларч магадгүй юм. Гэхдээ нөхцөл байдал дордохгүй байх нь хүн бүрийн оролцооноос хамаарна. Амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж, хүн хоорондын зайгаа барьж, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх энгийн дүрэмтэй.

Монгол ийнхүү дотоодын халдварын цар хүрээг хумихаар тэмцэж байгаа энэ үед дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг тэмцлийн дараагийн шат гэж хэлж болох вакцинжуулах ажил руу орж эхэлж байна.

Монголын дотоодын халдварын дамжих гол эх үүсвэр болсон ОХУ нийслэл Москва хотоос вакцинжуулалтын ажлаа Бямба гаригаас эхэллээ. Эхний ээлжинд халдварт өвчинтэй нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинжуулна, дараа нь боловсролын салбар, төрийн албан хаагчдыг хамруулах дараалал гаргасан бөгөөд Москва хотод эхний ээлжинд хоёр сая тун вакцин хэрэглэнэ.

Өнгөрсөн долоо хоногжингоо ирэх оны төсөвт вакцинд зориулах мөнгийг тусгаагүйг шүүмжилж, Ерөнхийлөгч хориг тавиад ч дийлэлгүй орхисон. Олон улсын байгууллагуудын хөтөлбөрт найдлага тавьсан монголчууд хэзээ вакцинтай болох вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгөх хүн одоогоор алга. “Судалж байна” гэсэн ганц хариулттай.

Хоёр сая тун вакцинтай москвачуудад атаархал төрмөөр. Ирэх жилийн хоёр, гуравдугаар сараас сардаа 30 сая тун вакцин үйлдвэрлэнэ хэмээн “Спутник V” вакциныг санхүүжүүлэгч РФПИ сангийн тэргүүн Кирилл Дмитриев өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Одоогоор дэлхийн хэд хэдэн улс Covid-19-ийн эсрэг вакциныг эргэлтэд оруулахад бэлэн болоод байгаа бөгөөд Монгол Улсын судалж буй вакцин аль зүгээс гаралтай байх эсэх талаар мэдээлэл алга. УИХ-ын гишүүн Д.Ганбатын чуулганы танхимд “Израилийн вакциныг хийлгэмээр байна” гэж хэлснийг дэмжих хүн олон биз.

Ийнхүү дэлхийн зарим улс вакцинжуулалтаа эхэлсэн, зарим нь эхлэх бэлтгэлээ хангаж байгаа нь сайн ч вакцинжуулалт эхэллээ гээд цар тахал өргөс авсан мэт арилахгүйг ДЭМБ мөн уржигдар анхаарууллаа. Вакцинд найдаж, халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байхыг дахин сануулж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн улс орнуудад нийт 51 вакциныг туршиж байгаагаас 13 нь л одоогийн байдлаар вакцинжуулалтын эргэлтэд оруулахад бэлэн болж байгаа юм. Эдгээрийн зарим нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардаж байгаа. Дэлхийн улс орнууд ч вакцинаа хадгалах, тээвэрлэх асуудлыг бэлдэж эхлээд байна.

Хойд хөрш ийнхүү ард иргэдээ вакцинжуулаад эхэлсэн бол өмнөд хөрш мөн өөрсдийн хийсэн вакциныг тун удахгүй, он гарахаас өмнө эргэлтэд оруулна хэмээн South China Morning Post Баасан гаригт мэдээллээ.

Тус сонины мэдээлснээр Хятад улс 600 сая тун вакцин бэлдээд байгаа ажээ. Хятад улс вакцины туршилтаа Өмнөд Америк, Ойрхи Дорнод болон Азийн улс орнуудад хийсэн бөгөөд туршилтын гурав дахь шатны үр дүнг холбогдох байгууллагууд нь албан ёсоор хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Хэрэв холбогдох зөвшөөрөл гарангуут үйлдвэрлэлийг эхлэхэд бэлэн байдалд байгааг сонин мэдээлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж