"Төмөр замаас өөр халдварын голомт байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

COVID-19

"Төмөр замаас өөр халдварын голомт байх магадлалтай"

"Төмөр замаас өөр халдварын голомт байх магадлалтай"

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2020.12.06) хийсэн мэдээллээр Дорноговь аймагт өчигдөр Сovid-19-ийн гурван тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 28 болсон. Энэ талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Дорноговь аймагт шинээр батлагдсан гурван тохиолдол нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн нэг гэр бүлийн хоёр хүн болон дотны найзаас нь илэрсэн болохыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг хэллээ.

Тэрбээр “Дорноговь аймагт Сovid-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хоногт Замын-Үүд суманд халдварын гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Гэр бүлийн болон дотны найз гурван хүний онош батлагдаж, шинжилгээний хариу нь эерэг гарлаа. Батлагдсан шинэ тохиолдол төмөр замын өвчлөлтэй холбоотой гэж шууд харагдахгүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

Ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, эхний хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна. Бид өмнө нь төмөр замын голомтоос өвчлөл илэрлээ гэж мэдээлж байсан бол өөр бусад голомтоос өвчлөл илэрч магадгүй байгаа тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Хэрэв ханиалгаж, халуурсан, толгой өвдсөн, амт, үнэр мэдрэхгүй зэрэг шинж тэмдэг илэрвэл түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эмнэлэгт шууд очих нь эмч, эмнэлгийн ажилтан, бусад хүмүүст халдвар тараах эрсдэлтэй тул дуудлага өгөхийг зөвлөе” гэлээ.

Дорноговь аймагт нийт Сovid-19-ийн 28 тохиолдол батлагдсанаас 23 нь Замын-Үүдэд, 5 нь Айраг суманд тус тус бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 458 хүнийг илрүүлж, шинжилгээ авсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16268 хүнээс шинжилгээ авснаас тандалтын зорилгоор 14.083 хүн, хавьтал илрүүлэхээр 2058 хүн шинжилгээнд тус тус хамрагджээ. Тус аймгийн Замын-Үүд суманд арваннэгдүгээр сарын 22-ноос хойш лабораторид 1018 хүнээс сорьц авч, PCR шинжилгээний хариугаар гурван тохиолдол өчигдөр батлагджээ. Тус аймагт 16 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа бол өчигдөр хоёр хүн гэрийн ажиглалт руу шилжсэн байна.

ХҮҮХДЭЭ ХЭН НЭГЭНД ДАЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас Дорноговь аймагт нийтийн тээврээр ирж буй иргэд амны хаалт зүүх болон гар ариутгагч бодис, нөөц бээлийтэй байхыг зөвлөв. Мөн цахим зорчих тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ авч явах зайлшгүй шаардлагатайг санууллаа. Цахим 119.mn өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн тул Дорноговь руу зорчих иргэд бүртгүүлж, хуваарийн дагуу шинжилгээ өгөх боломжтой болсон.

Тус аймаг руу маргааш 14.00 цагаас Улаанбаатараас Дорноговь, Сайншанд чиглэл рүү зорчих хуваарьтай байна. Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Б.Хүдэрболдын хэлснээр зорчигчдыг Улаанбаатар хотын "Тэнгэр плаза" төвөөс орон нутаг руу тээвэрлэхээр болжээ. Эхний ээлжинд гурван компанийн 10 автобус үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна. Харин шинжилгээний хариу гараагүй тохиолдолд цахим тасалбар захиалах боломжгүйг анхаарууллаа.

Үнийн тухайд, насанд хүрэгчид 22800, хүүхэд 11400 төгрөгөөр зорчих юм байна. Улаанбаатараас орон нутаг руу хүүхдээ дайж явуулж буй тохиолдол гарч байгаа тул эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхдийг зорчуулахгүй, хэн нэгнээр дайхгүй байхыг сануулав. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эцэг, эхийнх нь албан ёсны бичигтэй зорчуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж