Монголын улс төрийн намуудын нэг, өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн зургаан хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан түүхтэй.
1989 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн.
Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулж байв.
Ардчилсан холбоо 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам (МоАН) байгуулах шийдвэр гаргасан билээ. 1990 оны дөрөвдүгээр сарын 8, 9-нд МоАН-ын Их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгож, 1990 оны тавдугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн юм. Ийнхүү МоАН байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон түүхтэй.
Ардчилсан нам 1992-1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” байгуулан ажиллаж, 1996-2000, 2012-2016 онд УИХ-д олонхи болон засгийн эрх барьж байв. Ардчилсан намын анхны даргаар Дамбийн Дорлигжав (2000-2002) ажиллаж байсан билээ. Мөн тус намын даргаар Мэндсайханы Энхсайхан (2002-2005), Раднаасүмбэрэлийн Гончигдорж (2005-2006), Цахиагийн Элбэгдорж (2006-2008), Норовын Алтанхуяг (2008 – 2014), Зандаахүүгийн Энхболд (2015 – 2017), Содномзундуйн Эрдэнэ (2017-2020) нар сонгогдон ажиллаж байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ