"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй нүүр тулаад буй. Ялангуяа бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн нь багагүй дарамт нэмж буй билээ. Жижиглэн худалдаа эрхлэн, хоногийн хоолоо залгуулдаг иргэдийн хувьд байдал тун хүнд байгаа юм.
"ЦАГАА ОЛСОН ДЭМЖЛЭГ"
Төр засгаас иргэдийнхээ амьжиргаанд дэм болох зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авч байгааг дурдахад илүүдэхгүй биз ээ. Ялангуяа Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулсан нь "Цагаа олсон дэмжлэг боллоо" гэж олон хүн өгүүлж байна. Тодруулбал, Засгийн газар ээлжит хуралдаанаараа сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон билээ. Иргэд өнөөдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой болсон. Мөн нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурч буй юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг ажээ.
Цар тахлын хүнд нөхцөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсныг энд онцолъё. Тодруулбал, хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн нь бас л иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хувиар дэмжлэг болох юм.
УИХ-ын чуулганы Баасан гариг (2020.12.04)-ийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Covid-19 цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүд ийнхүү батлагдсан юм.
Засгийн газар эдгээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнөтэй даван туулахад дэмжлэг болно гэж үзжээ. Мөн дээрх хуулиуд батлагдсанаар малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль эрхзүйн орчин бүрдэв.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ “УЛСТӨРЖСӨН” ШАЛТГААНААР УНАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж үзэн, төсөвт бүхэлд нь хориг тавьсан боловч УИХ хүлээж авсангүй.
Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны улсын төсөвт: Нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан, нэн даруй хэрэгжүүлэх, 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер)-ээр олгох,
Гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг Covid-19-ийн эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, Дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн юм. Харин УИХ дахь МАН-ын гишүүдийн дийлэнх нь хоригийг дэмжээгүй учраас Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлэн, хуралдааныг орхин гарав.
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгээс заримыг нь энд онцолъё.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр "Улстөржих асуудал биш. Дайн байлдааны онцгой нөхцөл байдалд бид ирээд байна. Засгийн газарт онцгой эрх мэдэл өгсөн. 5.1 их наяд төгрөг зарцуулах, дээр нь нэмээд хандивын 700-800 сая ам.доллар зарцуулах эрх өгсөн. Одоо хүртэл тайлан нь алга. Дэлхийн банкнаас 50 сая ам.доллар зээлнэ гэж онигоо болж байхын оронд бусад улс орны вакцинд хүсэлтээ өгч, эртхэн орох боломж байсан шүү. Иргэдийн амьдрал хэцүү байна. Ядуурал 30 хувь байсан бол өнөөдөр 50 хувь болж нэмэгдсэн. ААН-үүдийн 20-хон хувь нь цалингаа тавьж байна. Энэ байдал удаан үргэлжилвэл 430 мянган иргэн ажилгүй болно. Төв аймгаас иргэд “Өмнө нь 20-30 мянган төгрөгөөр авдаг байсан бараагаа авч чадахаа больчихлоо, тор дүүрэхгүй байна” гээд ярьж байна. Бид үнийн өсөлтийг бодитоор нь харьцуулж үзэсгэлэн гаргахад та нар шоолоод л байсан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Бэлэн мөнгө, ваучер өгсөн тохиолдолд эдийн засагт яаж нөлөөлөх вэ? Хэдэн компани дампуурахгүй үлдэх юм бэ? Хий дэмий ярих бус, тооцоо судалгаатай яримаар байна. Уг нь дэмжмээр байдаг, гэтэл Ерөнхийлөгчийн хориг өөрөө улстөржилт болоод байна. Өмнөх жилийн нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй адил энэ удаад бас нэг сая төгрөг өгье гээд оруулаад ирлээ. Хажуугаар нь МАН-ынхан төсөвт баахан халамж чихдэг. Ийм бодлого оруулж ирмээргүй байна. Эсрэгээрээ хувийн хэвшлээ яаж дэмжих вэ, ажлын байраа яаж хамгаалах вэ гэдэг бодлого шаардлагатай. Олон улсад судалгаагаар, нэг ажлын байр бий болгоход 10 мянган ам.доллар зарцуулдаг. Маш их зардал. Төсвийн зарлагын 90 хувь нь халамж байгаа тохиолдолд дахиад л мөнгө тараах гээд оруулаад ирлээ. Ерөнхийлөгчийн хориг болгон алдаатай байх юм. Өнгөрсөн жилүүдийн хориг нь мөн адил алдаатай байсан. Бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан юм. Хэсэгчлэн хориг тавьсан бол МАН-ынхан яаж ч чадахгүй. Ерөнхийлөгч нь мөн вакцин ярьж байна. "Ковакс" хөтөлбөр бол ядуу орнуудын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн 20 хувьд нь вакцин үнэгүй өгье гэсэн л онцлогтой. Хятадын Засгийн газартай хорио цээрийн яриа хийх гэхээр Монголыг тоодоггүй. Эсрэгээрээ Азийн хөгжлийн банкны платформ ашиглаад яривал ижил түвшинд ойлголцдог. Тиймээс вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн хоригт ажил хэрэгч саналууд байна лээ. Гэтэл зөвлөх Л.Болд сануулга гэх юм. Төсвийг дагаж гарах хоёр тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сануулгыг тусгах боломжтой. Шийдэл л яръя. Зовсон ард иргэдээ баярлуулан гомдоодог болчихлоо. Бөөн хүлээлт болдог. Тэгээд иргэд бухимддаг. Зөв тооцож байж төсөл, хөтөлбөрүүдээ зарладаг баймаар байна. Дунд нь иргэд учраа олдоггүй. Төрийн сан хоосон сан. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв бид баталдаг. Авдар нь хоосон, дээр нь цоорхой. Гэхдээ авдрын ёроолоос атга гурил гарна. Засгийн газрын тусгай сангууд бий. Эхний 10 сарын гүйцэтгэлээр, үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалд 131 тэрбум төгрөг, ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум төгрөг, бидэнд өнөөдөр нийт 200 гаруй тэрбум төгрөг байна. Нэг сая хүн өнөөдөр нийгмийн даатгалд мөнгө төлж байна. Энэ хүмүүс ажилгүй, орлогогүй болчихлоо. Даатгуулагчдын мөнгийг одоо л иргэддээ зарцуулах ёстой. Эрсдэлтэй нөхцөлд эгүүлэн авна гэж төлсөн шүү дээ. 48 мянган ажил олгогчийн төлж байгаа мөнгө бас бий. Эдгээр мөнгийг нэгтгээд, ажлын байраа алдсан, орлогогүй болсон, эмзэг бүлгийн иргэддээ зориулсан арга хэмжээ авбал өргөс авсан мэт асуудал шийдэгдэнэ. Бодит санаачлагыг иргэд хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
С.БАЯР, С. БАЯРЦОГТ НАРТ ОНООСОН ЯЛЫГ БУУРУУЛАВ
Өнгөрч буй долоо хоногт хууль, хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрүүд олны анхаарлыг татав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн, 10 жил хорих ял, гурван байрыг нь улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн Баасан гариг (2020.12.04)-т С.Баярцогтод оноосон 10 жилийн хорих ялыг 4.8 жил болгон өөрчилсөн юм. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг 1.3 жил болгон өөрчиллөө. Мөн Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүхээс 1 жил болгон тус тус бууруулсан юм.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг 2.6 жил болгон бууруулсан бол Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус тус бууруулав.
НИЙСЛЭЛД ХОРИОНД ОРСОН ИРГЭД НУТАГТАА ОЧИХ "ЭРХ"-ТЭЙ БОЛОВ
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг нь нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж эхэлсэн явдал юм. Энэ хүрээнд халдвар хамгааллын хатуу дэглэм дор PCR шинжилгээний хариуг үндэслэн иргэдийг буцааж байгаа билээ.
Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд буй иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.
Улаанбаатар хотоос арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр орон нутаг руу нийт 15072 зорчигч зорчжээ.
Covid-19 голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж буй Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулах ажлыг хийхээр төлөвлөөд буй юм.
Холбоотой мэдээ