Covid-19-ийн тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио

Covid-19-ийн тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио

Дэлхийн улс орнууд цар тахалтай нүүр тулж, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 220 орны 65 сая 503 мянган хүн өвчилж, нэг сая 510 гаруй мянган хүн нас бараад байна. Covid-19 халдвар нь агаар дуслын замаар ойрын хавьтлуудад маш хурдтай тархдаг вирүсийн халдвар бөгөөд эмийн бус интервенц болох амны хаалт зүүх, зай барих, халдваргүйтгэх, олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан, хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ чухал үүрэгтэй байна.

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогийг харгалзан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хилийн хоригийг цаг алдалгүй эрт эхлүүлж, оновчтой хариу арга хэмжээ авсны дүнд бид өнгөрсөн гуравдугаар сар хүртэл дотооддоо халдваргүй, III-XI сар хүртэл зөөвөрлөгдсөн, арваннэгдүгээр сарын 11-нээс дотооддоо кластер голомт хэлбэрээр бүртгэгдээд байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 842, үүнээс зөөвөрлөгдсөн 45.5% (383), кластер голомт дахь дотоодын халдвар 47.1 хувьтай байна. Австрийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар улс орнуудын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг эрэмбэлэн үзэхэд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоох нь 85, уулзалт цуглааныг хязгаарлах нь 72, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгон сэргийлэх нь 65, хилийн хориг тавих нь 57 оноо буюу нэлээд үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

Шинэ Зеланд

Шинэ Зеландад цар тахлын халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн. Улмаар гуравдугаар сарын дунд үед хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болсон бөгөөд Шинэ Зеланд улс вирүсийн тархалтыг хязгаарлах хэмжээний шинжилгээ болон хавьтлын илрүүлэлтийн хүчин чадал хангалтгүй гэж дүгнэн, шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг зөвхөн барих бус, устгах стратеги рүү шилжсэн байна. Тиймээс гуравдугаар сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хорио таван долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурсан. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан, хоёр долоо хоносон бөгөөд Шинэ Зеланд улс бүхэлдээ долоон долоо хоногийн турш хүн бүр гэртээ байж халдварыг хязгаарласан байна.

Швед

Швед улс нь Covid-19 өвчлөлийн эсрэг эрт, идэвхтэй арга хэмжээ аваагүй цөөн орны нэг бөгөөд тэд иргэддээ ямар нэгэн албан шаардлага, хөл хорио тавилгүй зөвхөн зөвлөгөө, санамж өгөх байдлаар хандсан. Энэхүү арга нь сүүлийн хэдэн сар олон маргаан, хэлэлцүүлгийн үндэс болж буй боловч одоогийн байдлаар Швед нь зөвхөн өндөр хөгжилтэй орнууд дунд төдийгүй дэлхийд хамгийн өндөр нас баралтын түвшинтэй орнууд дунд багтаж байна. Дээрх хоёр улсыг Монгол Улсын өдөр тутмын өвчлөлийн байдалтай харьцуулсан зургийг ourworldindata.org вэб хуудаснаас харж болно.

Монгол Улсын хувьд хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлсэн бөгөөд тухайлбал, Улаанбаатар хотод нийт 123697 хүнийг шинжилгээнд хамруулснаас PCR шинжилгээгээр 42971, түргэвчилсэн оношлуураар 80572 хүнийг одоогоор хамруулаад байна. Бид дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өдөр тутмын батлагдсан тохиолдлын тоо, халдвартай холбоотой бусад параметрүүдийг ашиглан, тухайн агшны бодит R (Reffective) утга буюу нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоолсон. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт Covid-19 бүртгэгдсэнээс хойших R утгуудыг хугацаагаар ЭНД харууллаа.

Эндээс харахад Улаанбаатар дахь нэг халдвартай хүн 4, Сэлэнгэ аймгийн хувьд 8 хүнийг халдварлуулах түвшинд байсан бол уг хоёр голомтод нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тоо хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь 1 буюу түүнээс доош орох хандлага ажиглагдаж байна. Энэ хугацаанд батлагдсан шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэн хийснээр голомтолсон халдваруудын тархалтын хурд саарах төлөвтэй байна.

Сүүлийн хоногуудад лабораторийн шинжилгээн дэх эерэг хувь буурч байгаа нь халдварын голомтыг үр дүнтэй хумьж чадсаныг илтгэж байгаа боловч нууц үеийн хугацаандаа буй илрээгүй тохиолдлууд байх боломжтой юм. Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархвар зүйн нөхцөл байдал нь бусад аймаг, Улаанбаатар хотоос нэлээд ялгаатай байгаа тул тусгайлсан тандалт-судалгаа хийж үзэх шаардлагатай.

Халдварт өвчний дэгдэлт санамсаргүйгээр, маш хурдан явцтай өрнөх боломжтой тул өвчлөлийн байдлыг өдөр тутам хянаж, хариу арга хэмжээг тухайн нөхцөл байдалд зохицуулан яаралтай авах шаардлагатай. Дэлхий нийтэд Covid-19-ийг бууруулах, тэмцэх үр дүнтэй аргуудад зай барих, хөдөлгөөн хязгаарлах, эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн чадавхыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Хэрвээ одоогийн тархвар зүйн нөхцөл байдлыг бид дараагийн долоо хоног хэвээр нь хадгалж чадна гэж үзвэл өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотын бэлэн байдлын зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай юм.

ЭМЯ-ны судалгааны баг: Багийн ахлагч, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АУ-ы доктор, профессор, зөвлөх О.Чимэдсүрэн, АУ-ы доктор Д.Наранзул, АУ-ы доктор ​​​​​​​Э.Тэмүүлэн, судлаач ​​​​​​​Б.Цолмон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж