УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор согтууруулах ундааны хэрэглээ, худалдан борлуулалтыг хориглоод буй. Гэвч архи, согтууруулах ундааг гар дээрээс дамлан борлуулах зөрчил гарсаар байна.
Орон нутагт техникийн спирт хэрэглэснээс болж дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр (2020.12.05) гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд өчигдөр долоон хүн архи уусан өгүүлэмжтэй дуудлага өгсөн байна.
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Техникийн спирт уусны улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан бол гурав нь Хайлааст багт хүргэгдсэн даруйдаа нас барсан" гэж мэдээлэв. Түүний хэлснээр, дөрвөн хүн техникийн спиртэд хордож амиа алдсан бол үлдсэн гурав нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Одоогийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тиймээс уурхайд ажиллаж буй болон иргэдийг хөл хорионы үед техникийн спирт хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар хямд болон техникийн спиртэд хүн хордсон, хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй" гэж мэдээлэв. Тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэнгийн хэлснээр, өнгөрсөн шөнө архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 21 зөрчил илрүүлж, хариуцлага тооцжээ.
Тэрбээр “Хөл хорио тогтоосноос хойш ердийн үеийнхтэй харьцуулахад архи, согтууруулах ундаа дамлан борлуулах, дуудлагаар хүргэх зөрчлүүд нэмэгдсэн. Ийм төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнд тооцох хариуцлага Гамшгийн тухай хуулиар өндөр байдаг. Зөрчил гаргасан иргэнийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногоор баривчлах бол аж ахуйн нэгжийг 5000 нэгж буюу 5 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Цагдаагийн байгууллагаас хууль бус архи, худалдан борлуулалтад мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран өдөр бүр тогтмол хяналт тавьж, арга хэмжээ авч байна” гэлээ.
Б.ЦЭЦЭГ