Малайзын нэгэн жижиг хотын супермаркетаас хулгай хийж байгаад баригдсан эрд сохорсон биш завшив гэдэг шиг явдал тохиолджээ. Гурван хүүхэдтэй, 31 настай эр нийслэл Куала Лумпур хотоос 340 км-ийн зайтай орших Букит Мертажам хотын захын Tesco дэлгүүрээс долоон ам.долларын хүнсний зүйл хулгайлж байгаад баригджээ. Хачирхалтай нь хулгайч шоронд биш, ажилд орсон гэнэ. Болсон явдлын талаар орон нутгийн сонинд гарсан бөгөөд азтай эр өөрт нь боломж олгосон дэлгүүрийн менежерт баярлаж, талархал илэрхийлсэн гэнэ.
Эхнэр нь төрөхийн хүндрэлээр комд орсны дараа ажилгүй болсон эр аргаа барахдаа хулгай хийсэн гэж ярьсан байна. Хүүхдүүддээ өгөхөөр дэлгүүрээс жимс, ундаа хулгайлсан эрийг менежер байнга хулгай хийдэг хүн биш гэдгийг гадарлаж, түүнтэй ярилцсаныхаа дараа ажилд авахаар болжээ. Дэлгүүрийн менежер түүнийг ажилд авснаар барахгүй хүүхдүүдэд нь тусласан гэнэ.
Н.ЭНХ