Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.12.06) Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн Бямба гариг (2020.12.05)-т нийт 14019 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Covid-19 илэрчээ. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Замын-Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүйг мэдээллээ.
ХӨСҮТ-ӨӨС 16 ХҮН ЭДГЭЖ ГАРЛАА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдол ойрын хавьтал бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 201 боллоо. Дорноговь аймагт нийт батлагдсан тохиолдол 28 болсон. Замын-Үүдэд шинээр батлагдсан гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.
Улаанбаатарт Сovid-19-ийн нийт батлагдсан 99 тохиолдлыг дүүргээр нь задалбал:
- Сонгинохайрхан дүүрэг-15
- Сүхбаатар дүүрэг-16
- Баянгол дүүрэг-26
- Баянзүрх дүүрэг-24
- Чингэлтэй дүүрэг-1
- Хан-Уул дүүрэг -16
- БНД-1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
ЭДГЭРСЭН 16 ХҮНИЙ 13 НЬ ГОЛОМТЛОН ТАРХСАН ХАЛДВАРЫНХ БАЙНА
Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 849 бүртгэгдээд байна. Үүний 404 нь дотоодод батлагджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 хүн эмчлүүлж буй юм байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 206 хүнээс 56 болон 86 настай хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
ХӨСҮТ-д одоогийн байдлаар маш хүнд өвчтөн байхгүй бөгөөд өчигдөр 16 хүн эдгэрсний 13 голомтлон тархсан халдварынх байжээ. Тодруулбал, Улаанбаатарт 7, Орхонд 4, Сэлэнгэд 1, Дорноговь аймагт 1, Энхсаран сувиллаас ирсэн 2, ТИР автомашины 1 жолооч голомтолсон халдвараас эдгэрч, сувилал руу шилжсэн байна.
ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ ЧАДВАЛ COVID-19-ИЙН ДЭГДЭЛТ ГАРАХГҮЙ
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт есөн кластер голомтод ойрын хавьтлын 4325 хүнийг хяналтад авлаа. ХӨСҮТ-өөс гадна ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нийт гурван голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хөдөлгөөний хязгаарлалт хийхэд халдвар хүн амын дунд тархах нь бага байдаг. Ингэснээр халдварын дэгдэлт гарахгүй. Мөн дархлаажуулалт буюу вакцинжуулалт сайн хийж чадвал сүргийн дархлаа үүснэ. Гэхдээ вакциныг "эцсийн зогсоол" гэж үздэггүй. Вакцинжуулалтад хамрууллаа ч хүн бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих нь чухал юм.
БАРИАЧ, АВТОБУСНЫ ЖОЛООЧ, ШЕЗ-ИЙН АЖИЛТНЫ ОЙРЫН ХАВЬТЛУУДЫГ ТУСГААРЛАСАН
ОБЕГ-ын дэд дарга Шуурхай штабын дарга Б.УУГАНБАЯР:
-Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад байна. Сүүлийн өдрүүдэд бариач, автобусны жолооч, ШЕЗ-ийн ажилтны ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд шилжүүлсэн. Татан авалтаар ирсэн хүмүүсийг гэрийн 21 хоногийн тусгаарлалтад шилжүүлээд байна. Сүүлийн 72 цагт 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн ба тэд 14 хоногт дэглэм баримтална. Шуурхай штабаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Сэлэнгэ аймагт 27 хоногтой ихэр хүүхдийн биеийн байдалтай холбоотой асуудал үүссэн, ЭХЭМҮТ-өөс цахимаар холбогдон ажиллалаа. Нийт зургаан аймагт болон Улаанбаатарт 6000-7000 албан хаагч ажиллаж байна.
ХӨСҮТ-ИЙН СҮРЬЕЭГИЙН ТАСГИЙН ЭМЧ COVID-19 АВААГҮЙ
Эрүүл мэндийн яамны төлөөллүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч Сovid-19 авсан нь батлагдсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг тусгаарласан гэх мэдээлэл байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ? Тусгай ажиллагааны таван багийг тусгаарласан бол хүн хүчний нөөц хэр байна вэ?
А.АМБАСЭЛМАА: Өчигдөр нийгмийн сүлжээнд ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан Сovid-19-өөр өвдсөн гэх мэдээлэл цацагдсан. Би өчигдөр ЭМЯ-ны 11:00 цагийн ээлжит мэдээллээр эмнэлгийн ажилтан халдвар авсан гэх мэдээлэл хийгээгүй. Энэ бол албан бус мэдээлэл. Сүрьеэгийн тасгийн эмчийн эхний шинжилгээний хариу сэжигтэй гарсан. Өнөөдөр баталгаажуулах шинжилгээний хариу нь сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмч Сovid-19-өөр өвдөөгүй.
-Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч байгаа нь ХӨСҮТ дотроо халдвар хамгааллын дэглэм алдсаных уу?
А.АМБАСЭЛМАА: Өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид Сovid-19-өөр өвдсөн тохиолдлууд бий. Гэхдээ бид тухай бүрт алдаа дутагдлыг засч, дахин өвчлөл гаргахгүй, дотоодын хяналтыг сайжруулах чиглэлд ажиллаж байна. Дэлхий дахинд эмч эмнэлгийн ажилтан халдвар авах эрсдэл маш өндөр байна. Батлагдсан тохиолдлуудын 18-30 хүртэлх хувьд эмнэлгийн ажилчид өртсөн байдаг. Монгол Улсад батлагдсан тохиолдлуудтай харьцуулахад 1.4 хувь нь эмнэлгийн ажилчид өртсөн. Гэхдээ эмнэлгийн ажилтнуудыг дахин халдварт өртүүлэхгүй байхад Эрүүл мэндийн яамнаас анхаарлаа хандуулж байна.
"ИМАРТ", БАЯНЗҮРХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ СЭЖИГТЭЙ ГЭЖ ТООЦОЖ, 500 ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН
-"Имарт" болон Баянзүрх худалдааны төвд хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Тус төвөөр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авсан ба сүүлийн гурав хоногт үйлчлүүлсэн иргэдэд өөрсдийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгч байна гэсэн мэдээлэл байна. Дээрх худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
А.АМБАСЭЛМАА: Хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Имарт", Баянзүрх захад тандалт судалгаа явуулж, 500 гаруй хүнээс шинжилгээ авсан. Цаашид худалдаа, үйлчилгээний бүх төв, захаас тандалтын сорьц авна.
-Улсын хэмжээнд Сovid-19-ийн хэчнээн голомт байна вэ. "Имарт" болон Баянзүрх захыг халдварын голомтод бүртгэсэн үү?
Д.НАРАНГЭРЭЛ: Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт есөн голомт байна. Голомтуудын цар хүрээг цомхотгох арга хэмжээ авч байна.
-Хүн амыг вакцинд хэрхэн хамруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Д.НАРАНГЭРЭЛ: Эхний ээлжинд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинжуулалтад хамруулна. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон хууль хүчний байгууллагын алба хаагчид, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, сургууль, цэцэрлэгийн багш нарыг вакцинд хамруулна. Дараа нь бусад эрсдэлт бүлгийг хамруулахаар төлөвлөсөн.
-Улаанбаатарт нэг өрх-нэг иргэн шинжилгээг ямар байдлаар зохион байгуулж байна вэ? Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг хэрхэн хамруулж байна вэ?
Д.НАРАНГЭРЭЛ: Халдварын кластер голомтын нийт 4325 ойрын хавьтлыг илрүүлэн шинжилгээ авсан. Гэхдээ шинээр голомт үүсэх бүрт ойрын хавьтлуудыг илрүүлж, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Нэг өрх-нэг иргэн шинжилгээг хүн бүр дураараа өгөхгүй. Иргэдэд утсаар мэдэгдсэний дагуу шинжилгээ өгөх хэрэгтэй.
-Нийтийн тээврийн жолооч нарын шинжилгээний хариу гарч дууссан уу? Мөн эрсдэлтэй бүлэгт ажиллаж буй ажилчдыг Сovid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа юу? Ялангуяа өчигдөр Баянзүрх, "Имарт" худалдааны төвүүдээр сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татлаа.
Д.НАРАНГЭРЭЛ: "Имарт", Баянзүрх худалдааны төвийн тухайд олон хүн бөөгнөрөх эрсдэлтэй онцгой объект учраас халдварын сэжигтэй онцгой объект гэж үзсэн. Сэжигтэй тохиолдлыг өвчлөл гарсантай адил тооцож, халдвар эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулж ажилладаг. Иймд халдварын голомт гарсантай адил тухайн голомтод буй хүмүүсээс шинжилгээ авах, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг арга хэмжээ авлаа. Худалдааны байгуулллага эрсдэл өндөр тул энэ салбарт ажилладаг хүмүүсийг үе шаттайгаар шинжилгээнд хамруулна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, December 5, 2020
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ