Колумбын нийслэл Боготад болсон "Металлика" хамтлагийн тоглолтын үед тус хамтлагийн шүтэн бишрэгчид олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Энэхүү таагүй явдал Америкийн хамтлагийн концерт болж байгаа Симон Боливарын нэрэмжит үндэсний паркад болжээ. Тоглолтын билет авч чадаагүй хамтлагийн хэсэг шүтэн бишрэгчид цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг эвдэн нэвтрэхийг завдсан байна. Энэ үеэр хамгаалалтын цагдаа нар ирснээр олныг хамарсан мөргөлдөөн болж өргөжжээ. Цагдаа нар тэнд цугласан хүмүүсийг ус болон нулимс асгаруулагч бөмбөг хэрэглэн тараажээ. Үймээний явцад хэд хэдэн хүн бэртэж гэмтсэнээс нэг хүн эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь хүнд байна. Үймээнд оролцогчдоос 130 хүнийг баривчилжээ. Үүнтэй төстэй явдал хэд хоногийн өмнө тус хамтлагийн Сантьяагод болсон тоглолтын үед гарч байсан юм. Америкийн рок групп "Металлика" өмнөд америкийн орнуудаар аялан тоглолт хийж байгаа билээ.
Л.Золбаяр