Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.05-нд нийтлэгдсэн

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Covid-19-ийн халдвар буурахгүй, зарим улс оронд дахин дэгдэж, бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас зарим улс орнууд хөл хориогоо чангатгаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.


СӨҮЛД 2 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Сөүлд  маргаашнаас эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай  дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүн олноороо цугларах газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж. Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, март болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох ю.

ХЯТАДАД 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 30-нд, Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотоодоос халдвар авсан юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Арваннэгдүгээр сарын 30-ний өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.

ӨМӨЗО-Д ГАДААДААС ЗӨӨВӨРЛӨГДСӨН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

ӨМӨЗО-д Манжуур хотод covid-19-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 07.00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл халдвар авсан хүн 4-өөр нэмэгджээ.  Арванхоёрдугар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл ӨМӨЗО-нд covid-19-ийн халдвар авсан тухайн орон нутгийн өвчтөн 18, сэжигтэй тохиолдол 2, өвчний илрэлгүйгээр халдвар авсан өвчтөн 2 байна. Бүх хүмүүсийг Манжуур хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж бий.

Мөн нэг болон хоёрдугаар хавьтлын 1045 хүн тогтоогдож, бүгдийг тусгаарлан ажиглалт хийж байна. Одоо ӨМӨЗО-нд гадаадаас ирсэн covid-19-ийн халдвар авсан хүн 3 байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан ажиглалт хийж байна.

ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГАЛАВ

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдагон хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гаригийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.

 СИНГАПУР УЛС “КОВИД-19”-ИЙН “PCR” ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Сингапур Улсын иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ковид-19”- ийн вирусийн “PCR” оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой боллоо. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ. 200 синг.долларын төлбөртэй байх ажээ.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ УУ, АЛЬ ЭСВЭЛ УДААШРУУЛАХ УУ?

ИБУИВУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө 5 хувь бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж, харин ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн “ВВС” агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Тэрбээр цаашид эмнэлгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношлогоо хийхгүй, гэрийн хөл хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно гэж нэмж хэлсэн байна.

Иймд гадаадад ажиллаж, амьдарч,  оршин суугаа Монгол улсын иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьдарч байгаа улсынхаа дүрэм журмын талаар мэдээлэл авахыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж