Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.05) мэдээллээ хийлээ.
Өчигдрийн байдлаар дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 448-д хүрсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 96, Сэлэнгэд 193, Дорноговьд 21, Орхонд 24, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Архангайд 3, Энхсаранд 49, ХӨСҮТ-д 13 тохиолдол батлагдаад байна.
НИЙСЛЭЛД 3, ДОРНОГОВЬ, СЭЛЭНГЭД ТУС БҮР 4 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 20240 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Улаанбаатарт шинээр илэрсэн 3 тохиолдлын хоёр нь өмнөх тохиолдлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Харин үлдсэн нэг тохиолдол нь автобусны жолоочийн ойрын хавьтал байсан. Автобус баазын нийт 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бусад хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд Улаанбаатарт батлагдсан халдварын нийт тохиолдол гурваар нэмэгдэж, 99 болсон бол Дорноговьд 4, Сэлэнгэд 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн.
Covid-19 халдвар нийслэлдбатлагдсан нийт тохиолдол:
- Баянгол дүүрэгт 26
- Баянзүрх дүүрэгт 24
- Сүхбаатар дүүрэгт 16
- Сонгинохайрхан дүүрэгт 15,
- Хан-Уул дүүрэгт 16
- Чингэлтэй дүүрэгт 1
- Багануур дүүрэгт 1 халдвар батлагджээ.
ОРХОН, АРХАНГАЙ, ГОВЬСҮМБЭР, ДАРХАН-УУЛ АЙМГУУДАД ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн болон ойрын хавьтлын 4 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ойрын хавьтлын 4 хүнээс халдвар илэрсэн. Ингээд,
- Сэлэнгэ аймагт батлагдсан халдварын нийт тохиолдол 197
- Дорноговь аймагт батлагдсан тохиолдол 25 боллоо.
Харин Орхон, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудад сүүлийн 24 цагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд зургаан аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд багц өвчлөлийн голомтод нийтдээ 397 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан Covid-19 халдварын тохиолдол 842, үүнээс эдгэрсэн 368, эмчлэгдэж байгаа 461 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хөнгөн 377, хүндэвтэр 76, хүнд 6, маш хүнд хоёр хүн байна.
Улсын хэмжээнд байгаа 1000 гаруй ойрын хавьтлуудаас 500 хавьтал нь эхний 14 хоногийн ажиглалт тандалтын хугацаа дууссан учраас тусгаарлах байрнаас гаргаж гэрийн хяналтын 14 хоногт шилжүүлээд байна.
НЭГ ХҮН 6-8 ХҮНД ХАЛДВАР ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ УЧИР ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!
Энэ үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
–Бид бүхэн өдөр бүр дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа сайн туршлагуудыг танилцуулж байгаа. Өнөөдрийн хувьд хүн хоорондын зай барих шаардлагатай тухай онцолж байна. Зай барих гэдэг бол халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм гэдгийг дэлхий дахинд баталсан. Халдвартай хүн зайгаа бариагүй дэлхий дахинд 2.5- 4 хүнд халдвар тарааж байгаа бол Монгол Улсын хувьд 6-8 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тухайлбал, зургаан хүнтэй нэг халдвар авсан хүн ойрын зайнаас харьцлаа гэхэд 30 хоногийн дотор 2400-3200 хүн халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс иргэд 1.5-2 метрийн зай барих шаардлагатай. Зай барьснаар нэг өдөрт ойрын хавьтал байж болох 75 хүнийг халдвараас сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. Иймд амны хаалтаа зүүхээс гадна зай барих нь маш чухал.
"СОНГОГДСОН 70 МЯНГААС БУСАД ӨРХИЙН ХҮМҮҮСТ ТҮР ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХГҮЙ"
Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.ЗЭНДМАА:
-Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргана. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 орчим хувийг халдвар батлагдсан хороодоос, 30 орчим хувийг халдвар авах эрсдэл өндөртэй бусад хороодоос авна гэж тооцсон. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулах юм. Өвчлөл өндөртэй Баянгол, Баянзүрх дүүрэгт 20 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 хүнийг тус, тус шинжилгээнд хамруулна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээ өгөх нийт 48 цэг ажиллаж байгаагаас түр цэг 18 байна. Өчигдрийн байдлаар 12 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү шинжилгээнд зөвхөн сонгогдсон өрхийг хамруулж байгаа учраас танд ямар нэгэн мэдээлэл ирээгүй бол дээрх цэгүүдэд очиж ачаалал үүсгэхгүй байхыг хүсч байна.
"УЛСЫН ХЭМЖЭЭНД ОР БОЛОН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОДООГООР ХАНГАЛТТАЙ"
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
–Эмчилгээний орны тооны хүрэлцээг нэмэгдүүлсэн үү. Дотооддоо халдвар алдахаас өмнө 1000 ор байгаа гэх мэдээллийг өгч байсан шүү дээ?
Д.Нарангэрэл: Орны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоёрын бэлэн байдлыг хангаж ороо бэлдсэн. Улсын хэмжээнд ор болон эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж одоогоор хангалттай байгаа.
-Эдгэрсэн хүмүүст хяналтыг хэрхэн тавьж байгаа вэ?
– А.Амбасэлмаа: Вирус илрэхгүй болсон үед нь ХӨСҮТ-өөс гаргаж 14 хоног сувилалд шилжүүлдэг. Тэнд байлгахдаа хоёр удаа шинжилгээ авна. Хэрэв хариу нь асуудалгүй бол гэрийн ажиглалтад шилжүүлдэг. 14 хоногийн гэрийн ажиглалтад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, эмнэлгийн хяналтаас гаргадаг. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн үүдэнд хаалган дээр юм наасан зүйл байхгүй. Эдгэрээд гарсан учраас тэр хүн халдварын вирус ялгаруулахгүй гэсэн үг.
-Өнөөдөр автобусны жолоочийн ойрын хавьтлаас халдвар нэмж илэрлээ. Жолоочийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
– А.Амбасэлмаа: Жолооч өмнө нь халдвартай хүнтэй хавьтал болсон байсан. Тухайн жолооч нь арваннэгдүгээр сарын 29 хойш ажилдаа очоогүй. Автобус баазын ойрын хавьтагч болох 17 хүнийг тусгаарласан. Мөн баазын хэмжээний 500 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээнд хамруулсан. Ингэхэд халдвар илрээгүй. Халдварын ойрын хавьтал халдвар тараасан байх эрсдлийг тооцохдоо вирус ялгаруулах буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш, илрэхийн өмнөх 24-48 цаг, вирус илэрснээс хойш 14 хоногийн хугацаанд тухайн халдвартай хүнтэй хавьтал болсон хүнийг ойрын хавьтал гэдэг.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, December 4, 2020
Холбоотой мэдээ