Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ард иргэдэд үлгэр дуурайл үзүүлж, вакцинд итгэх итгэлийг нь нэмэхийн тулд өөрөө вакцин тариулж байгаагаа орон даяар шууд дамжуулна хэмээн амласан билээ. Тэгвэл түүний санаачилгад Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден нэгдэж, хамтдаа камерын өмнө вакцин тариулахаар болжээ.
АНУ-д цар тахлын батлагдсан тохиолдол 14.2 сая давж, 276 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн үед хэд хэдэн компани бүтээсэн вакцинуудаа өндөр үр дүнтэй, хэрэглэхэд аюулгүй хэмээн баталж, засгийн газруудаас зөвшөөрөл хүссэн билээ. Тэр дундаас Pfizer компанийн вакцин Нэгдсэн Вант улсад зөвшөөрөл авч чадсан бөгөөд АНУ-ын эрх баригчид зөвшөөрөл өгөх эсэх нь энэ сарын 10-нд болох хурлаар шийдэгдэх юм. Түүнээс гадна Moderna компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг энэ сарын 17-нд болох хурлаар хэлэлцэх гэнэ. Гэсэн хэдий ч цахим орчинд вакциныг хүн төрөлхтнийг нийтээр нь кодлох, удирдах оролдого гэдгээс гадна саа өвчин үүсгэх аюултай гэх мэтчилэн элдэв ойлголт эрчтэй тархаж байгаа юм.
Харин Обама, Байден хоёр иргэдийн тэрхүү айдас, эргэлзээг үгүй хийхээр тус алхамыг хийж байгаа аж. Мөн Жорж Буш, Билл Клинтон нар ч гэсэн олон нийтийн өмнө вакцин тариулж үлгэр жишээ болохыг зөвшөөрсөн гэнэ.
Арваннэгдүгээр сард цахим орчинд зохион байгуулсан санал асуулгын үр дүнгээс харахад ард иргэдийн ердөө 58 хувь нь л вакцин хийлгэнэ хэмээн итгэлтэй хариулсан бол бусад нь эргэлзэж, эсэргүүцэж байгаа аж. Харин Обама “Би өөрөө маш сайн таньдаг, хамт ажиллаж байсныхаа хувьд Антони Фаучид маш их итгэдэг. Тиймээс хэрвээ Антони Фаучи энэ вакциныг аюулгүй гэж хэлвэл би шууд л тариулна. Цар тахлын халдвар авахаас сэргийлж өгье гэж байхад би лав огтхон ч эргэлзэхгүй” хэмээн хэлжээ. Байден ч бас “Хэрвээ Антони Фаучи вакциныг аюулгүй гэж үзвэл би дуртайяа тариулна” хэмээсэн байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ