- Аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг 279, түргэвчилсэн оношлуураар 247 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэний мэдээлэл, маршрутыг тодорхойлох ажил үргэлжлэн явагдаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
- Тусгаарлан ажиглах 9 байранд 245 иргэн байна.
- Өнөөдрийн хурлаар Үсчин, Банк бус санхүүгийн байгууллага, Авто засвар, Барилгын материалын худалдааг 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг анхааруулж байна.
- Өчигдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн харьяат 219 оюутанд түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу сөрөг гарсан тул Шар зам ирээдүй хоршооны 5 автобусаар 16 чиглэлд тээвэрлэсэн байна.
- Дархан-Уул аймгаас Улаанбаатар явах иргэдийг www.Smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Өнөөдөр /2020.12.05/ 12:00 цагийн байдлаар 1824 хүн бүртгүүлсэн байна.
- Идэш арга хэмжээнд 1185 иргэн бүртгүүлсэн ба бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.
Аймгийн Онцгой комиссын хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан оролцож, аймгийн Онцгой комиссын гишүүдэд зөв зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, 200 өрхөд хүргэх Хүнсний тусламжийн багц, 3 вагон нүүрс буюу 180 тонн нүүрс, хамгаалалтын хувцас 300 ширхэг, Амны хаалт 180 мянган ширхэг, нүүрний хаалт 200 ширхэг, нүдний шил 500 ширхэг, санитал гар ариутгагч 3 хайрцгийг аймгийн Онцгой комисст хандивлав.
"АХУЙН ХАВЬТЛААС COVID-19 ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ"
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр /2020.12.04/ орой мэдээлэл хийлээ. Тус аймагт Covid-19 халдварын нийт 45 тохиолдол батлагдаад байгаа юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:
-Сүүлд илэрсэн халдварын тохиолдлын хувьд Орхон аймгийн иргэн бөгөөд хөл хорионоос өмнө Дархан-Уул аймагт ирсэн. Бид арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бусад аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2000 иргэдээс шинжилгээ авсан. Ялангуяа Сэлэнгэ аймгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж байгаа.Энэ шинжилгээнд хамрагдсан иргэнээс Covid-19 халдвар илэрсэн. Өнгөрсөн хугацаанд батлагдсан 44 халдварын тохиолдлын хоёр голомт эсхүл шинэ тохиолдол уу гэдгийг бид судалж байна.
Таамаг мэдээллээр тухайн иргэн ахуйн хавьтлаас халдвар авсан байх магадлалтай бөгөөд өмнөх батлагдсан халдварын тохолдлуудтай холбоотой байх магадлал өндөр байгаа.
Тухайн иргэн арванхоёрдугаар сарын 1-ээс хойш найз нөхөд, хамаатан садны гурван айлд очиж хоносон байгаа юм. Энэ нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайн хүний явсан маршрутийг гаргахад үндсэндээ мэдээлэл байхгүй. Зөвхөн шинжилгээ өгөх гэж эмнэлэг ороод бүртгэлгүй учраас буцсан гэх мэдээлэл олдсон.
Гэтэл арванхоёрдугаар сарын 1-н буюу хөл хориог сулруулснаас хойш явсан гуравхан өдрийн маршрутыг харахад өнөөдрийн байдлаар 31 ойрын хавьтал байна.
Дээрх иргэдээс заримыг нь тусгаарлаж, үлдсэнийг нь гэрийн хорион оруулсан. Шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.
ОЮУТНУУДЫГ НЭГДСЭН ЖУРМААР АЙМГУУДАД НЬ ХҮРГЭЖ ӨГНӨ
Сэлэнгэ аймгийн 225 оюутнуудыг гурав дахь удаагаа шинжилгээнд хамруулаад аймагт нь хүргэж өгсөн. Ингэснээр Дархан-Уул аймгийн нийт оюутны байранд 283 оюутан үлдсэн байна. Үүнээс 80 орчим оюутан нь нийслэлийх бол үлдсэн нь баруун аймаг болон бусад аймгуудын оюутнууд юм.Баруун аймаг руу нийтийн тээвэр явах нь хомс байгаа учраас эдгээр аймгуудын онцгой комисстой холбогдож оюутнуудаа хэрхэн авах талаар ярилцаж байна. Шаардлагатай бол Дархан-Уул аймгаас нийтийн тээвэр явуулаад нэг талдаа хоосон явах учраас тодорхой үнийг оюутнуудад санал болгоод зөвшөөрөх юм бол оюутнуудыг нэгдсэн журмаар аймгуудад нь хүргэж өгөх Онцгой комиссын шийдвэр гарсан.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ