Судалгаа: 2020 оны бизнесийн орчин маш муу | News.MN

Судалгаа: 2020 оны бизнесийн орчин маш муу

Судалгаа: 2020 оны бизнесийн орчин маш муу

Судалгаа: 2020 оны бизнесийн орчин маш муу

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/  “Монголын бизнесийн орчин-2020” судалгааны үр дүнг өчигдөр /2020.12.04/ танилцууллаа. Өмнөх  “Бизнесийн орчин 2017” оны судалгаанд 1573 аж ахуйн нэгж /АНН/ хамрагдсан бол 2020 оны судалгаанд 4075 ААН хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан 4075 ААН-ийг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж үзвэл ААН-үүд давхардсан хариултаар 38.4 хувь нь худалдаа, 36.2 хувь нь үйлчилгээ, 23.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 8.6 хувь нь барилга, 37.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Судалгаанд оролцсон ААН-үүд  эдийн засгийн орчныг муу гэж үнэлжээ. Учир нь валютын ханшны болон инфляцийн бизнес дэх нөлөөлөл, зээлийн хүүгийн хувь хэмжээ, хөрөнгийн зах зээлд оролцох боломж, хөрөнгө оруулалтын урамшууллын бодлого, дотогш чиглэсэн хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлтүүд нь хангалтгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний ханшийн хэлбэлзэл өндөр савалгаатай, бизнес эрхлэгчдэд банкнаас олгож буй зээлийн хүүгийн хэмжээ өндөр, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул дорой, дотоодын хөрөнгө оруулагчдад дэмжлэг төдийлөн байдаггүй зэрэг нь санхүүгийн зах зээлийн үнэлгээг муу гарахад нөлөөлжээ. Мөн эдийн засгийн татварын орчны үзүүлэлтүүдээс НДШ-н хувь хэмжээ, НӨАТ-н хувь хэмжээ зэрэгт муу үнэлгээг өгсөн байна. Ингээд “Монголын бизнесийн орчин-2020” судалгааны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулья.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ШИНЭ БИЗНЕС ЭРХЛЭХЭД ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ

Шинээр бизнес эрхлэхийн тулд эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авах шаардлага тулгардаг бөгөөд бизнес эрхлэгчид энэхүү үйл явцыг хүндрэлтэй гэж үзсэн байна. Техникийн нөхцөл, зөвшөөрөл авахад олон бичиг баримт бүрдүүлж, олон албан тушаалтны гарын үсэг цуглуулдагнь зөвшөөрөл авахад зарцуулах хугацааг уртасгаж  тэр хэрээр хүний хүчин зүйл буюу хүнд суртал авлигал хээл хахуультай тулгарч байна гэжээ.

Энэхүү үр дүнгээс төрийн үйлчилгээг цахимжуулж, цахим шилжилт хийх шаардлага нэн өндөр байгааг харж болно. Харин шинээр бизнесээ эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн олдоц улам хүндрэлтэй болж  техникийн нөхцөл авахад тулгардаг авлигал, хээл хахуул нэмэгдсэнийг  онцгойлон анхаарах шаардлагатай болжээ.

Шинэ бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг хүндрэлийн үнэлгээ, салбараар бизнесийн ямар  нэгэн салбарт шинээр нэвтрэхэд хүндрэл бэрхшээл ихтэй, хөрөнгө, хугацаа, зардал их шаарддаг болохыг тодорхойлох зорилгоор шинэ бизнес эрхлэхтэй холбоотой нийтлэг хүндрэлийг салбараар харьцуулсан байна. Шинэ бизнес эхлүүлэх, бүртгүүлэх үйл явцыг Уул уурхай (2.71), Мэдээллийн технологи (2.69), Газар тариалангийн (2.67) салбарынхан хүндрэл харьцангуй бага гэж дүгнэсэн бол хамгийн их ажлын байр шингээдэг, хамгийн олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг Худалдаа (2.59), Үйлчилгээний (2.55) салбарт шинэ бизнес эхлүүлэхэд бэрхшээлтэй гэж үзжээ.

Шинэ бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг хүндрэлийн үнэлгээ, ААН-н хэмжээгээр ААН-н хэмжээ, бизнесийн цар хүрээнээс хамаарч шинэ бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг тодорхойлоход бизнесээ шинээр эхлүүлэх үйл явцыг аж ахуйн нэгжийн хэмжээ томрохын хэрээр хүндрэл харьцангуй бага гэж хариулсан бол техникийн нөхцөл, зөвшөөрөл авах үйл явцыг аж ахуйн нэгжийн хэмжээ томрохын хэрээр хүндрэлтэй гэж үзсэн байна. Эндээс бизнесийн цар хүрээ өргөжиж, аж ахуйн нэгжийн хэмжээ томрохын хэрээр төрийн байгууллагын дарамт, шахалт, авлигал хээл хахуультай тулгарч, бизнесийн орчин тааламжгүй болдог гэж дүгнэжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДААС ЭХ ҮҮСВЭР ТАТАХАД ХЭЦҮҮ

Санхүүжилтийн голлох хэлбэр болох зээлийн нөхцөл байдлыг тодруулахад зээл авагч талын хуулиар олгогдсон эрхийн хамгаалалтын тухайд судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүндрэлтэй, 46 хувь нь дундаж гэж хариулжээ. Зээлийн эх үүсвэр, зээлийн хэмжээ, зээл авах боломжийн талаар 24 хувь нь хүндрэлтэй, 46 хувь нь дундаж гэж үзжээ. Харин зээл олгогч тал зээлийн гэрээгээ чанд мөрдөх байдлыг 11 хувь нь хүндрэлтэй, 40 хувь нь дундаж түвшинд байна гэжээ. Зээлээс бусад хэлбэрийн санхүүжилтийн талаар тодруулахад жижиг дунд үйлдвэрийн сан, газар тариаланг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг засгийн газрын тусгай сангуудаас санхүүгийн эх үүсвэр татах боломж хүндрэлтэй байдаг гэж нийт судалгаанд оролцогсдын 63 хувь нь хариулсан байна.

Үүнээс дүгнэхэд бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлээс бусад хэлбэрээр бизнесийн санхүүжилт авах боломж хомс байгаа бөгөөд ЗГ-ийн тусгай сангуудын дэмжлэг бизнес эрхлэгчдэд хүрч чадахгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Зээлээс бусад санхүүжилтийн боломжийг борлуулалтын орлогоор харьцуулахад 6 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай томоохон ААН-үүдэд зээлээс бусад хэлбэрээр санхүүжилт авах, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах, батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломж илүү өндөр байна. Харин жижиг буюу 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүдэд Засгийн газрын тусгай сангуудаас санхүүжилт авах боломж илүү өндөр хэмээн хариулжээ.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН ХОМСДОЛТОЙ

Ажлын байранд тавигдах шалгуурыг хангасан хүний нөөцийн олдоц хир зэрэг болох талаарх асуултын хариултуудаас “мэдэхгүй” гэсэн хариултуудыг хасаж, үр дүнг нэгтгэн гаргав. Судалгааны үр дүнгээс харахад Нягтлан бодогч, санхүүч (57% хангалттай), Хүний нөөцийн мэргэжилтэн (46% нь хангалттай), Борлуулалтын мэргэжилтэн (45% нь хангалттай) нь бусад мэргэжилтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хангагдсан байна. Харин судалгаанд оролцогсдын 39% нь ур чадвартай мэргэжлийн ажилчдыг, 36% нь гадаад худалдааны менежер, 34% нь дээд түвшний удирдах ажилтанг, 32% нь инженер техникийн ажилтанг, 30% нь мэдээллийн технологийн мэргэжилтэнг олдоц хангалтгүй, хомсдолтой гэж үзжээ.

Ажлын байранд тавигдах шалгуурыг хангасан хүний нөөцийн олдцыг ААН-ийн хэмжээгээр нь тодорхойлон авч үзэхэд бичил бизнес эрхлэгчдийн хувьд ур чадвартай мэргэжлийн ажилчид (37%), гадаад худалдааны менежер (38%) хамгийн их хомсдолтой байдаг бол нягтлан бодогч, санхүүч, борлуулалтын болон хүний нөөцийн мэргэжилтэн хангалттай олдоцтой байдаг байна.

Харин дунд бизнес эрхлэгчдэд нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнүүд (64%) бүрэн хангалттай бол ур чадвартай мэргэжлийн ажилчдын олдоц хангалтгүй, хомсдолтой хэмээн 42% нь хариулжээ. Мөн дээд түвшний удирдах ажилтан (36%), инженер, техникийн ажилтан болон мэдээлэл, технологийн мэргэжилтэн (33%)-ний олдоц хангалтгүй байна. Том бизнес эрхлэгчдийн хувьд нягтлан бодогч, санхүүч, хүний нөөц, борлуулалт, маркетингийн мэргэжилтнүүдээр бүрэн хангагдсан байдаг байна. Харин судалгаанд оролцогсдын 58% нь дээд түвшний удирдах ажилтанг, 56% нь ур чадвартай мэргэжлийн ажилчдыг, 34% нь мэдээлэл, технологийн мэргэжилтэн болон инженер, техникийн ажилтны олдоц хангалтгүй буюу хомсдолтой гэж хариулжээ.

ААН-ҮҮДИЙН БИЗНЕСИЙН ГОЛ ӨРСӨЛДӨГЧ НЬ ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД

Бизнес эрхлэгчдээс гол өрсөлдөөн аль өрсөлдөгчтэй өрнөж буйг тодруулсан асуултад нийт 3234 ААН хариулт өгсөн. Тэдгээрийн дийлэнх буюу 64% нь бизнесийн гол өрсөлдөгчөө дотоодын аж ахуйн нэгжүүд хэмээн хариулсан бол 21% нь Хятадын импортын бараа, 11% нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гэж үзжээ. Аж ахуйн нэгжийн хэмжээгээр нь бизнесийн гол өрсөлдөгчийг тодруулан судалбал ААН-н хэмжээнээс үл хамааран судалгаанд хамрагдагсдын 75% нь дотоод зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй ААН-г гол өрсөлдөгчөө гэж нэрлэсэн бол үлдэх 25% нь импортын барааг гол өрсөлдөгч гэж үзсэн байна. Харин энэхүү үзүүлэлтийг нарийвчлан шинжвэл бизнес жижиг байх тусам дотоодын ААН-үүд, бизнес томрох тусам гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд гол өрсөлдөгчид болдог онцлог харагдаж байна.

Өрсөлдөөний төлөвийг ААН-н бизнесийн үйл ажиллагаа явуулж буй салбараар нь авч үзвэл дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамгийн их өрсөлдөөн өрнүүлж буй салбарууд нь Тээвэр (69%), Барилга (67%), Үйлчилгээ (67%)-ний салбар, харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг гол өрсөлдөгчөө хэмээн нэрлэсэн салбаруудад Аялал жуулчлал (23%), Уул уурхай (22%), Тээвэр (19%)-ийн салбарын ААН-үүд байна. Импортын бүтээгдэхүүн гол өрсөлдөгч гэж үзэж буй салбаруудад Газар тариалан (32%), Уул уурхай (32%), Боловсруулах үйлдвэр (31%), Худалдаа (30%)-ны салбар болно. Түүнчлэн Хятадаас бусад орны импортын бүтээгдэхүүн гол өрсөлдөгч болдог хэмээн Уул уурхай (7%), Мэдээллийн технологи (6%)-н салбар дах ААН-үүд үзжээ.

БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ШААРЛАГАТАЙ

Монголын бизнесийн орчинг сайжруулахад цаашид хэрэгжүүлэх нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг тодруулахад бизнесийн орчинг сайжруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих эхний 5 арга хэмжээнд Бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцлийг сайжруулах (79.7%), Татварын таатай орчинг бүрдүүлэх (77.9%), Хууль эрх зүйн орчинг сайжруулах (62.9%), Үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих (58.8%), Авилга, хүнд сурталыг бууруулах (51.5%) арга хэмжээг онцолсон байна.

Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг салбараар авч үзэхэд худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, газар тариалан, мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбарынхан бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг Бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцлийг сайжруулах гэж үзжээ. Харин уул уурхай, барилга, тээврийн салбарынхан Татварын таатай орчинг бүрдүүлэхийг нэн тэргүүний арга хэмжээ байх ёстой гэсэн бол мал аж ахуйн салбарынхан Хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай болохыг чухалчилжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-12-05 202.126.88.237

Уул уурхайгаас орж байгаа ашгийг ЖДҮХСанд төвлөрүүлэн хэрэгцээтэй үйлдвэрлэлийг шударгаар дэмжсэн цагт л үйлдвэрлэл, бизнес, улс хөгжинө. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх бага хувьтай зээлээ эрх мэдэлтэн нь авчихаад цааш нь үйлдврлэгчидэд өндөр хүүтэй зээлүүлэхээр үйлдвэрлэл хөгжих биш мөнгө хүүлэгчдыг тэжээгээд л таарч байна. Үүнд төрийн шударга хяналт байхгүй байна.

Avatar

zochin 2020-12-05 139.218.63.183

hadin hanj tsadadgui banknii ezed heden hadglamjiin huugere amidarch bgaa humuus ed narl mongoliig hugjuulku uychaad bna

Avatar

Зочин 2020-12-05 103.10.21.52

Одоо ажил хийе аливааг бүтээе гэсэн болгонд ЗЭЭЛ ийг ямар ч дарамтгүй олгомоор…Диплом хамгаалсан залуугаас авхуулаад Тэтгэвэрт гарсан ахмадад ч гэсэн үээл олгооч Тэд бүгд ажиллахыг хүсч байна Ядаж хийсэн бүтээгдэхүүнээ ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ БОРЛУУЛЧИХ ОРОН ЗАЙ олгооч

Avatar

Зочин 2020-12-05 103.10.21.52

Үе үеийн буюу 1990 оноос хойшхи УИХ …Засгийн газар …Яамдын сайд дарга нарын тухайн үеийнх нь үйл ажиллагааг АРХИВ ухан байж судалгаа шинжилгээ хийвэл ч УЛС ОРНЫГ санаатайгаар дампууруулсан өөрсдөдөө боломж олгосон АСУУДАЛ их гарна Мөн үйлдвэрүүдийг санаатайгаар хувьчилж АЖИЛЧДЫГ нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн гэх мэт…Ардчилалыг ЖИНХЭНЭ УТГААР нь хийж чадаагүй гэцгээдэг.30 жилд санаатайгаар АРД ТҮМНЭЭ ЯДУУ БАЙЛГАСАН шүү дээ Харин ч манай иргэд ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ӨНӨӨДРИЙГ хүрсэн Одоо

Avatar

/*-*/ 2020-12-05 49.0.212.165

Угаасаа наад оорк харанхуй ард түмэн чинь юун бизнес, зах зээлийн эдийн засаг. Буцаад социализм руугаа орьё, амаа ангайгаад зүгээр улсаар тэжээлгэе гээд байгаа шүү дээ. Тиймдээ л ардчилал зах зээл сөнөтүгэй, зах зээлийн барууны капиталим сөнөтүгэй, америк европ япон сөнөтүгэй, орос мандтугай, хойд солонгос мандтугай гэцгээгээд байгаа шүү дээ.

Avatar

zochin 2020-12-05 122.201.31.111

Zasgiin gazar ajillah chadvar mash muu bn uchir ni buhniig horiglood gereesee garahgui bh gedeg ni tuhain uls orond hamgiin amarhan olon yamand tolgoi uvduhgui hiij chadah ajil getel tsar tahliig taraahgui baigaad uls oron ard irgediinhee ediin zasag biznesiig ali boloh muutgahgui avch yavah ni havigui iluu ih zohion baiguulalt,bodlgo,sahilga bat sudalgaa shinjilgee shaardsan ajil y getel zasag tur ni iim ajliig zohion baiguulah chadvarguigee haruullaa uursduu ch uuniigee helsen

Avatar

Зочин 2020-12-05 103.26.194.155

Ugaasaa businessuudiig shahaj heden tom companaa l ulam tomruulah huseltei. Zunduu olon company haragdavch tsaaguuraa dandaa 1 hun bolon 1 ger buliinh boldog. Ted nar n li bugd tatvar gaalitaigaa holbootoi, busad business erhlegchdiig ajil hiilgeh sonirholgui, tatvar tulbur akt tabina, gomdmoor shuu.

Avatar

Иргэн 2020-12-05 103.26.193.4

Манай улсад хувийн бизнес эхлэх боломж улам муудсаар байна. Шинээр байгуулагдаж байгаа ганц нэг нь бас гайгүй ажиллаж байгаа нь улс төрчидтэй холбоотой. Элдэв татвар, дарамт,хүнд суртал хэрээс хэтэрлээ. Зөвшөөрөл нэртэй шат шатны дарамтууд маш их боллоо. Хотын захиргаанаас газар эзэмших гэрчилгээгээ сунгуулах гээд бараг жил болж байна ш дээ. Зориулалтаар нь ашигладаг,төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг элдэв зөрчилгүй байхад шүү…Иймэрхүү байдалтай маш олон иргэн аж ахуй байдаг юм байна.

Avatar

Иргэн 2020-12-05 202.21.124.132

Энэ хэдхэн хувийн банкуудын зальтай лоббид орж олон жил зээлийн хүүний дарамтан дор явлаа! Үүнээс зөвхөн мөнгө хүүлэгчид л хожсон, одоо болоо юм биш үү! Захын хүн үүнийг ойлгоод хэлээд яриад байхад бас л дийлэхгүй шинжтэй…!

Avatar

Зочин 2020-12-05 202.126.94.99

Толгойгуй тертэй нь гай!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж