Засгийн газрын танхимын хоёр ч сайдыг тагнаж, чагнахыг оролдсон гэх мэдээлэл энэ оны есдүгээр сард хэвлэлээр цацагдаж байсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргаж байв. Дэд хороо өргөдлийг хэлэлцэж, прокурорт шилжүүлснээр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарын найман ажилтанд хэрэг үүсгэсэн шалгаж байгаа билээ. Түүнчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өрөөнд Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч ороод гарсан бичлэг ч дэлгэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг өнөө өглөө олж илрүүлсэн байна. Тус нууц камерыг сүлжээний утаснуудын хажууд байршуулсан байжээ. Уг асуудлаар зөвлөх А.Үйлстөгөлдөр тагнуул, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхэлсэн аж.
Энэ хэрэгт Засгийн газрын IT-гийн ажилтан Б холбоотой болохоо, мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд нэвтэрч дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ